NBA-ийн шинэ улирлын таамаглал: Хожлын тоо хүрэхгүй таван баг
NBA бол тэг нийлбэрийн лиг. Жил бүр 1,230 хожил, 1,230 хожигдолтой улирал өрнөдөг. Өөрөөр хэлбэл, нэг багийн амжилт нь бусдын уналтаас шалтгаалдаг. Тиймээс хожлын тоогоо хэтрүүлэх боломжит багуудыг дурдсаны зэрэгцээ, хүлээлтэд хүрч чадахгүй магадлалтай таван багийг мөн авч үзэх хэрэгтэй.
Энэ удаа BetMGM-ийн тогтоосон хожлын тоон дээр үндэслэн Вегасын таамаглалаас 3-6 хожлоор дутуу байх магадлалтай таван багийг онцолж байна. Эдгээр нь гэмтэл, бүрэлдэхүүн, стратегийн сул тал, эсвэл улирлын явцад гарах хязгаарлагдмал ахиц дэвшлээс шалтгаалж магадгүй багууд юм.
Нью-Йорк Никс – 53.5 хожлын таамаг

Өнгөрсөн улиралд 51 хожилтой байсан Никс баг энэ улиралд дасгалжуулагчийн өөрчлөлттэй эхэлж байна. Том Тибодо шиг хожлын төлөө бүхнийг зориулах дасгалжуулагчийг орлосон шинэ хүн энэ төвшинд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй.
Шилдэг долоон тоглогч нь боломжийн ч, тэд бүгд оргилдоо хүрсэн эсвэл бууж байгаа тоглогчид. Шинэ залуу авьяастан үгүйлэгдэж байна. Түүнчлэн бүрэлдэхүүнээ шинэчлэх, чөлөөт агент авах бололцоо бараг байхгүй байгаа нь энэ улиралд хүлээлтэд хүрэхэд саад болж мэднэ.
Бостон Селтикс – 42.5 хожлын таамаг

Багийн гол асуудал нь өрсөлдөгч багууд биш, харин татварын дарамт. Жэйсон Татум гэмтэлтэй, Ал Хорфорд, Кристапс Порзингис, Люк Корнет, Жру Холидэй нар байхгүй болсон. Үлдсэн бүрэлдэхүүнд Жэйлен Браун, Деррик Уайт, Пэйтон Притчард нар байгаа ч өмнөх амжилтыг дахин давтахад хангалтгүй байж мэднэ.
Бостон энэ улиралд драфтын эхний эрхээ ашиглах тул богино хугацааны амжилт гэхээсээ илүү ирээдүйг харсан төлөвлөлт хийж буй бололтой.
Индиана Пэйсерс – 38.5 хожлын таамаг

Өнгөрсөн улиралд 50 хожил авсан ч энэ жил нөхцөл байдал өөр. Финалын гол тоглогчдыг алдсан, төвийн байрлалд асуудалтай, Тайрис Халибуртон гэмтэлтэй байгаа нь энэ багийн хожлын тоог багасгах гол шалтгаанууд болно.
Хэдий гүнзгий бүрэлдэхүүн, сайн дасгалжуулагчтай ч, эдгээр эрсдэлээс шалтгаалан хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай.
Портлэнд Трэйл Блэйзерс – 34.5 хожлын таамаг

Довтолгооны гол тоглогч Анферни Саймонс багийг орхиж, Деандре Айтоны гэрээ цуцлагдсан нь багийн бүтцэд шууд сөрөг нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн улиралд 36 хожил авсан ч энэ улиралд түүнээс ахих нь маш хүндхэн даваа.
Вашингтон Визардс – 21.5 хожлын таамаг

18 хожилтой улирлыг үдсэн Вашингтон энэ жил ч ахиц гаргахгүй бололтой. Гол тоглогчид нь багийг орхиж, оронд нь ирсэн залуус хараахан NBA-ийн төвшинд хүрээгүй байна. Шинэ залуу тоглогчдыг өсгөх стратеги хэрэгжүүлж буй ч энэ улиралд ялалт нэмэгдэхгүй байх магадлал өндөр.
Эх сурвалж: The Athletic