Жон Бойега: Star Wars-ын үргэлжлэлүүдийг өөрөөр бүтээх байсан
Star Wars бол үзэгчдийн дунд хамгийн их маргаан, хэлэлцүүлэг дагуулдаг цөөн кино франчайзын нэг. Энэ нь зөвхөн фенүүд, шүүмжлэгчдийг төдийгүй тухайн кинонд оролцсон жүжигчдийг ч үзэл бодлоо нээлттэй илэрхийлэхэд хүргэдэг. Финн дүрээр олонд танигдсан жүжигчин Жон Бойега ч үүний нэг жишээ юм.
Тэрээр өмнө нь “Рейло” (Рей ба Кайло Рений харилцаа), мөн хар арьст дүрүүдийг Star Wars-ын фенүүд хэрхэн хүлээж авдаг талаар өөрийн байр сууриа олон нийтэд илэрхийлж байсан билээ.
2019 онд The Rise of Skywalker гарснаас хойш хэдийнэ цаг хугацаа өнгөрсөн ч, Бойегагаас Star Wars-ын талаар асуух нь зогсохгүй хэвээр. Саяхан Флоридагийн Supercon арга хэмжээнд оролцох үеэрээ тэрбээр хэрвээ өөрөө үргэлжлэлийн ангийг продюсерлэсэн бол ямар өөрчлөлт оруулах байсан талаараа хуваалцжээ.
“Хэрвээ би Star Wars-ын продюсер байсан бол Хан Соло, Люк Скайуокер зэрэг домогт дүрүүдийг хасахгүй байсан. Бид тэдний түүхийг бүрэн дуусгаж, өвийг нь хүндэтгэх байсан” гэж тэр онцолсон байна.
Түүнчлэн шинэ дүрүүдийн хүчийг хэрхэн тэнцвэртэй харуулах талаар ч санал хэлсэн. “Шинэ дүрүүд маань шууд л бүхнийг мэддэг, хүчирхэг байх ёсгүй. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй, алдаа гаргаж, бусад шиг тэмцэж, өсөж хөгжих ёстой” хэмээн тэр дурджээ.
Мөн тэрбээр Old Republic, Force Unleashed зэрэг өмнөх түүхээс санаа авч, шинэчлэл хийсэн бол илүү оновчтой байх байсан хэмээн нэмж хэлжээ.
Жон Бойегагийн эдгээр үгс нь зүгээр нэг фенийн асуултад өгсөн хариулт байсан ч Star Wars-ын ертөнцөд хандах түүний чин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлж байв. Хэдийгээр Люк болон Хан Соло нарын түүх өндөрлөсөн ч, Финн дахин дэлгэцэнд гарах магадлал бүрэн үгүйсгэгдээгүй. Ялангуяа ирээдүйд бүтээгдэх Рейгийн түүхийг харуулах кинонд тэр дахин гарч ирж болох юм.
Эх сурвалж: Gizmodo