Лайонсгейт студи хиймэл оюун ухаантай хамтран ажиллаж байгаа ч амаргүй сорилтуудтай тулгарчээ
Жон Уик, Өлсгөлөн тоглоом зэрэг алдарт цувралуудыг эзэмшдэг Лайонсгейт студи хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдхэн цагийн дотор шинэ кино бүтээж, зах зээлд гаргах зорилготой байсан ч, энэ төлөвлөгөө нь бодит амьдрал дээр хүндхэн даваануудтай тулгарч байна.
2024 оны эхээр тус студийн дэд дарга Майкл Бёрнс Vulture сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хиймэл оюун ухааны Runway AI компанитай хамтран ажиллаж, өөрсдийн кино санг анимэ хэлбэрээр дахин найруулан гаргана хэмээн мэдэгдсэн. Гэвч The Wrap-ын мэдээлснээр, энэхүү төсөл одоогоор зогсонги байдалд оржээ.
AI кино хийхэд ‘Жон Уик’-ийн дөрвөн анги хангалтгүй
Runway нь Лайонсгейтийн бүх кино санг ашиглан тусгай загвар боловсруулж, автомат кино бүтээх систем бий болгох зорилготой байсан. Гэвч эдгээр өгөгдлүүд, тэр тусмаа Диснейн сан ч хиймэл оюун ухааны бүрэн ажиллагаатай кино загвар сургахад хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тодруулбал, хиймэл оюун ухаан киног үнэмшилтэй бүтээхийн тулд гэрэлтүүлэг, камерын хөдөлгөөн зэрэг маш олон давтагдсан, нарийн өгөгдөл шаарддаг. Харин Лайонсгейтийн кино сан үүнийг хангах хэмжээний дататай биш бөгөөд AI-д заахад “Дэндүү бага” хэмжээтэй юм.
Хууль эрх зүйн асуудал гарч ирэв
Мөн зохиолч, найруулагч, жүжигчин, зураглаач, гэрэлтүүлгийн баг зэрэг уран бүтээлчдэд AI-гаар бүтээсэн киноноос орлого хуваарилах эсэх нь тодорхойгүй байна. Хиймэл оюун ухаан нь оюуны өмчийн асуудлыг хурцатгаж, хууль эрх зүйн олон эргэлзээг дагуулж байгаа аж.
Vulture-д өгсөн ярилцлагадаа Бёрнс “Жүжигчид болон эрх эзэмшигчдэд зохих төлбөрийг олгоно” хэмээн хэлсэн ч, энэ нь яг хэнийг хамрах, хэрхэн тооцоолох нь тодорхой бус байна.
Лайонсгейтийн байр суурь: AI бол ирээдүйн чухал хэрэгсэл
Харин компанийн харилцаа холбооны албаны дарга Питер Уилкс Gizmodo-д өгсөн тайлбартаа:
“Бид Runway болон бусад хиймэл оюун ухааны санаачилгуудад сэтгэл хангалуун байна. AI бол кино бүтээгчдэд зориулсан чухал хэрэгсэл бөгөөд чанар, үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна, лицензийн зардлыг хэмнэх, шинэ өгүүлэмж бий болгох зэрэг олон талын үр нөлөөтэй” хэмээжээ.
Тэрчлэн, хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, хараахан зураг авалт нь хийгдээгүй киноны трейлер-ийг хийж эхэлсэн талаар ч дурдагдсан ч, бодит хэрэглээний хувьд үр дүн нь одоогоор бүрхэг байгаа бололтой.
Runway AI талаас одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: Gizmodo