Trump Mobile T1 гар утасны худалдаанд гарах хугацаа дахин хойшиллоо
Trump Mobile-ийн T1 ухаалаг утсыг тэсэн ядан хүлээж байсан хэрэглэгчдэд таагүй мэдээ байна. “Америкийн үнэт зүйлсийг шингээсэн”, алтлаг өнгөтэй, хямд үнэтэй гэж танилцуулагдсан энэхүү гар утас анх төлөвлөсөн хугацаандаа худалдаанд гарсангүй. Эхэндээ есдүгээр сард худалдаанд гарна гэж амласан ч одоо сар дуусахад хэдхэн хоног үлдээд байгааг харгалзан үзвэл амлалт биелэх боломжгүй болжээ.
T1 загвар 2025 оны зургаадугаар сард танилцуулагдсан бөгөөд сард $47.45 (ойролцоогоор 165,000 төгрөг)-ийн төлбөртэй үйлчилгээний багцын хамт борлуулагдах байв. Гэсэн ч утасны худалдаанд гарах тодорхой огноо тэр үед ч зарлагдаагүй байсан. Trump байгууллагын хэвлэлийн албанаас наймдугаар сард гарна гэж мэдэгдсэн бол, Trump Mobile-ийн вэбсайт дээр есдүгээр сар гэж бичигдэж байлаа. Гэвч аль аль амлалт хэрэгжээгүй байна. Үүний улмаас $100 урьдчилгаа төлсөн худалдан авагчид өнөөг хүртэл юу ч хүлээн аваагүй байгаа юм.
Энэ байдал анхнаасаа тодорхой байсан бололтой. Утас зарлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа Trump Mobile-ийн вэбсайтаас “есдүгээр сард худалдаанд гарна” гэсэн мэдээлэл чимээгүйхэн алга болсон. Харин одоо бүтээгдэхүүний хуудсан дээр “энэ оны сүүлээр худалдаанд гарна” гэж бичигдсэн байна. Гарах хугацаа хойшилсон шалтгаан болон шинэ огнооны талаар тодруулахад Trump байгууллагаас ямар ч тайлбар өгөөгүй байна.
Гарах хугацаа өөрчлөгдсөнөөс гадна утасны талаарх зарим мэдээлэл ч өөрчлөгдсөн. Анх “5000mAh урт настай камер” гэх ойлгомжгүй боловч сонирхол татсан тодорхойлолт байсан бол одоо энэ нь хасагдсан байна. Мөн шинэ мэдээллээр T1 утас 6.25 инчийн дэлгэцтэй байх ёстой гэжээ. Гэсэн ч цорын ганц, чанар муутай зураг л загварыг нь харуулсаар байна. Зарим сурталчилгаанд бүр iPhone болон Samsung Galaxy утаснуудын бүдүүлэг эвлүүлсэн зураг ашиглагдсан байжээ.
Түүнчлэн өмнө нь “АНУ-д үйлдвэрлэсэн” гэж онцолж байсан бол одоо энэ үг хэрэглэгдэхээ больсон. Харин илүү болгоомжтойгоор “бүх төхөөрөмжийн ард Америкийн гарууд байгаа” гэж тэмдэглэж, “Америкийн үнэт зүйлсийг шингээсэн” гэж онцлон сурталчилж байна.
Хэрэв T1 загвар энэ жилийн сүүлээр худалдаанд гарвал $499 (ойролцоогоор 1.7 сая төгрөг)-ийн үнэтэй байх юм.
📎 Эх сурвалж: The Verge