Сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд сэтгэцийн эрүүл мэнд гол үүрэгтэй
Шинэ судалгаагаар хүний амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь биеийн хөдөлгөөн бус, харин сэтгэцийн эрүүл мэндийн сайжрал болохыг тогтоожээ.
Шеффилд Халлам Их Сургуулийн судлаач Стив Хааке болон түүний баг 5 км-ийн үнэгүй гүйлтэд тогтмол оролцдог хүмүүсийн дунд судалгаа явуулсан бөгөөд тэдний дүгнэлтээр ерөнхий эрүүл мэнд, аз жаргал, амжилтын мэдрэмж нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хамгийн хүчтэй үзүүлэлтүүд болж байна.
Эрүүл мэнд нэн тэргүүнд
Хүний амьдралын сэтгэл ханамж нь зөвхөн зан чанар, хувь хүний онцлогоос гадна санхүүгийн байдал, нийгмийн харилцаа, орчны нөлөө зэрэг өөрчлөгдөх боломжтой хүчин зүйлсээс хамаардаг. Тэдгээрийн дунд эрүүл мэнд нэн тэргүүнд бичигдэж байна.
Судалгааны баг хүмүүсийн амьдралд “Паркраны гүйлт” эсвэл “Нийтийн алхалт” хэрхэн нөлөөлдөгийг хэмжих зорилгоор загвар боловсруулжээ.
Сул эрүүл мэндтэй хүмүүс хамгийн их өөрчлөгддөг
Судалгаанд паркраны үйл ажиллагаанд оролцдог 78,000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд тэдний бие бялдар болон сэтгэлзүйн байдал, өмнөх хөдөлгөөний түвшин, паркраны дараах өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулжээ.
Оролцогчдын ихэнх нь анхнаасаа идэвхтэй, эрүүл мэндээ “сайн” эсвэл “маш сайн” гэж үнэлсэн ч хамгийн том өөрчлөлт нь “маш муу” эрүүл мэндтэй хүмүүсийн дунд гарсан байна. Тэдний эрүүл мэнд сайжрахын хэрээр амьдралын сэтгэл ханамж хамгийн эрс нэмэгджээ.
Сэтгэцийн эрүүл байдал хамгийн их хамааралтай
Судлаачид амьдралын сэтгэл ханамжтай хамгийн хүчтэй хамааралтай үзүүлэлт бол сэтгэцийн эрүүл мэнд болохыг онцолжээ. Үүнд:
- Аз жаргал
- Сэтгэлзүйн сайн сайхан байдал
- Хувийн амжилтын мэдрэмж
- Хөгжилтэй байдал зэрэг багтсан байна.
Үнэгүй гүйлтийн эдийн засгийн ашиг
Паркраны гүйлт болон алхалтын хөтөлбөрөөс бий болж буй нийгмийн эдийн засгийн нийт ашиг жилд 835 сая ам.доллар ($835 сая ≈ 2.9 их наяд төгрөг) гэж тооцоолсон байна. Үүнд:
- Гүйлт, алхалтын шууд нөлөө – $94 сая
- Оролцогчдын нэмэгдсэн биеийн хөдөлгөөн – $165 сая
- Эрүүл мэндийн 3%-ийн дундаж сайжрал – $579 сая
Гүйлт биш, харин “Загвар” нь чухал
Судалгаагаар гүйлт бол өөрөө ид шидийн зүйл биш, харин олон нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд ямар нөлөөтэй болохыг хэмжих загвар болж өгдөг гэж үзжээ.
Судалгаанд суурилсан энэхүү загвар нь дараах төрлийн хөтөлбөрүүдийг үнэлэхэд хэрэглэж болно:
- Нийтийн алхалтын бүлгүүд
- Үнэгүй гадаа дасгалын ангиуд
- Ажлын байрны дасгал хөдөлгөөний сорилтууд
- Номын сангийн уулзалтууд гэх мэт
Энэхүү судалгааны үр дүнг PLOS Global Public Health сэтгүүлд нийтэлсэн бөгөөд эрүүл мэндийн бодлогод шинэ арга барил санал болгохуйц чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Эх сурвалж: www.earth.com