Боксчин Жорж Формен өөрийн алдартай түүхэн замналынхаа туршид олон нэр нөлөөтэй тулаанчтай учраа таарч байсан ч, нэгэн удаа өөрөөсөө зайлсхийсэн нэгэн байсныг хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр 1973 онд Жо Фрэйзэрийг хоёр раунд дотор буулган авч анхны дэлхийн аварга цолоо хүртсэн бөгөөд дараа нь 20 гаруй жилийн дараа 45 настайдаа Майкл Мүүрэрийг ялж, дэлхийн хүнд жингийн аварга болсон түүхтэй. Формен өдгөө ч дэлхийн хамгийн ахмад хүнд жингийн аварга хэмээх түүхэн амжилтыг хадгалж буй.
Тэрээр Мухаммед Али, Эвандер Холифилд зэрэг бусад алдартай боксчидтой тулалдаж байсан ч, нэгэн удаа Оксфордын нийгэмлэгт тавьсан илтгэлдээ IBF-ийн хүнд жингийн хуучин аварга Тони Такертай тулалдахгүй байх шийдвэр гаргаснаа дурджээ.
“Майкл Мүүрэрийг ялсны дараа намайг Тони Такертай тулалдуулах гэж оролдсон юм. Би Тони Такерыг хараад ‘Ээж минь намайг тэнэг хүүхэд болгоогүй. Би түүнтэй тулалдахгүй’ гэж хэлсэн. Тэгээд тэд цолыг минь авсан. Би зарим хүмүүстэй тулалдахгүй. Учир нь би түүнтэй тулалдахыг хүсээгүй. Тэр маш хүчтэй байсан. Би үнэнийг хэлэх ёстой” хэмээн Формен ярьсан байдаг.
Такер 1987 оны тавдугаар сард Бастер Дагласыг ялж IBF-ийн цолыг хүртсэн ч, ердөө 64 хоногийн дараа Майк Тайсонд ялагдаж цолоо алдсан бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн богино хугацааны дэлхийн хүнд жингийн аварга цолны эзэн болгосон юм. Тайсон Такерыг ялсан ч, тулаан бүрэн хугацаандаа үргэлжилж, ‘Төмөр Майк’-ийн хувьд энэ нь тулааныг 12 раунд хүртэл үргэлжлүүлсэн хоёр дахь тохиолдол байв. Леннокс Люис ч мөн 1983 оны тавдугаар сард Такертэй хийсэн тулаанд санал нэгтэй шийдвэрээр ялж байжээ. Такер 1998 оны тавдугаар сард сүүлчийн тулаанаа хийж, 65 тулаанаас 57-г хожиж, үүний 47-г нь нокаутаар хийсэн амжилттайгаар зодог тайлсан юм.

