Испанийн Барселоны их сургуулийн молекул биологич Аина Беллвер-Санчис тэргүүтэй судалгааны баг Алцгеймерийн өвчнийг эмчлэх цоо шинэ төрлийн FLAV-27 нэгдлийг танилцууллаа. Энэхүү судалгаа нь өвчний гол шалтгаан гэгддэг амилоид бета болон тау уургийг шууд устгахаас илүүтэйгээр мэдрэлийн эсийн генийн илрэлтийг зохицуулдаг эпигенетикийн механизмыг ашигласнаараа онцлог юм.
Судлаачдын тайлбарлаж буйгаар FLAV-27 нэгдэл нь тархины эсийн хөгжил, санах ой болон мэдрэлийн уялдаа холбоог зохицуулдаг генүүдийг идэвхгүй болгодог G9a ферментийг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг байна. Алцгеймерийн өвчний үед энэхүү фермент хэт идэвхжсэнээр тархины хэвийн үйл ажиллагаа алдагддаг бол FLAV-27 нь уг алдагдлыг засаж, мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгож байгаа ажээ.
Энэхүү нэгдлийг лабораторийн орчинд нематод өт болон хулганын Алцгеймерийн загвар дээр туршихад амилоид бета болон тау уургийн хуримтлал мэдэгдэхүйц буурч, амьдрах хугацаа уртассан үр дүн гарчээ. Мөн туршилтын амьтдын санах ой, нийгмийн харилцаа болон мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоос сайжирсан нь Molecular Therapy сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдагдсан байна.
Хэдийгээр FLAV-27 нэгдэл нь лабораторийн шатанд өндөр үр дүн үзүүлж байгаа ч одоогоор хүний бие дээр туршиж эхлээгүй байна. Цаашид аюулгүй байдлын нарийвчилсан судалгаа болон олон шатны клиник туршилтууд шаардлагатай байгаа ч энэхүү нээлт нь ой санамж алдах өвчний эсрэг тэмцэлд шинэ найдвар төрүүлж буй томоохон алхам боллоо.

