1990-ээд оны үзэгчдийн хамгийн дуртай реалити шоунуудын нэг болох “American Gladiators” албан ёсоор эргэн ирэхээр боллоо. Шинэчилсэн хувилбарын анхны ангиуд 2026 оны 4 дүгээр сарын 17-ноос эхлэн Prime Video платформоор үзэгчдийн хүртээл болох бөгөөд шоуны албан ёсны сэдэвчилсэн дуугаар нэрт дуучин Jelly Roll-ийн “Rise Up” хэмээх шинэ бүтээл сонгогджээ.
Шоуны шинэ трейлерээс харахад Joust, Powerball, The Wall зэрэг үзэгчдийн сайн мэдэх сонгодог тэмцээнүүдээс гадна “The Ring”, “Collision” зэрэг илүү хүч чадал, авхаалж самбаа шаардсан шинэ төрлүүд нэмэгдсэн байна. Оролцогчид болон мэргэжлийн “Гладиаторууд”-ын хоорондох өрсөлдөөн урьд өмнөхөөсөө илүү ширүүн, бодит тулаан байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.
Нийт 10 ангиас бүрдэх тус цувралын эхний гурван анги 4 дүгээр сарын 17-нд зэрэг нээлтээ хийх бөгөөд цаашид долоо хоног бүр шинэ ангиуд нэмэгдсээр 5 дугаар сарын 1-нд бүрэн гарч дуусах ажээ. Үзэгчид орчин үеийн зураг авалтын технологиор баяжуулсан энэхүү спортын шоуг дуучин Jelly Roll-ийн эрч хүчтэй “Rise Up” дууны хамт хүлээн авч үзэх боломжтой.
Мөн дуучин Jelly Roll-ийн “Rise Up” дуу нь зөвхөн Amazon Music-ээр онцгой эрхтэйгээр цацагдах бөгөөд шоуны анги бүрийн эхэнд эгшиглэж, тэмцээний халуун уур амьсгалыг бүрдүүлэх юм. Хуучны дурсамж сэргээсэн энэхүү шоу нь шинэ үеийн үзэгчдэд зориулсан хамгийн том энтертайнмент төслүүдийн нэгд тооцогдож байна.

