Артемис-2 хөлөг сансрын гүнээс эх дэлхийн ховорхон зургуудыг илгээж, 50 гаруй жилийн дараа хүн төрөлхтөнд энэ өнцгөөс харах боломжийг дахин олгож байна. Сарны зүг хүлгийн жолоо залсан “Орион” хөлгийн сансрын нисгэгчид хөлгийн цонхоор харагдах дэлхийн гайхамшигт төрхийг гэрэл зургийн хальснаа буулган, Төв хяналтын станц руу дамжуулжээ.
НАСА-гийн SLS (Space Launch System) пуужин болон “Орион” хөлөг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс амжилттай хөөрсөн юм. Дөрвөн сансрын нисгэгчийг ачсан тус хөлөг эхлээд дэлхийн бага тойрог замд орж, улмаар сар руу чиглэх траекторын маневрыг амжилттай гүйцэтгэснээр 1970-аад оноос хойш анх удаа хүн бүхий хөлөг дэлхийн тойрог замаас гарч буй түүхэн үйл явдал боллоо.
Одоогийн байдлаар хөлөг сарны зүг амжилттай аялж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд сарны тойрог замд хүрэхээр төлөвлөж байна. Энэхүү 10 хоногийн хугацаатай түүхэн даалгаврын хүрээнд “Орион” хөлөг сарны нөгөө талыг тойрч, бүтэн нэг өдрийн турш ажиглалт хийсний дараа эх дэлхий рүүгээ буцах юм.
Гүн сансраас авсан эдгээр зургууд нь хүн төрөлхтөнд эх дэлхий минь хэчнээн гайхамшигтай, басхүү асар том сансар огторгуйд хэчнээн даруухан харагддагийг сануулж байна. Цаашид сар болон дэлхийн бусад сонирхолтой зургууд тасралтгүй ирсээр байх болно.

