Өнөө үед пүүз болон спорт загварын гутал давамгайлж, хүмүүс гутлаа ойр ойрхон сольдог болсноор гутал арчилгаа хэмээх соёл мартагдах шатандаа оржээ. Гэвч чанартай гутлаа хайрлаж, удаан эдэлгээтэй байлгахыг хүсвэл гутал засварын мастеруудын зөвлөгөөг дагах нь зүйтэй. Их Британид л гэхэд жилд 149 сая хос гутал хог дээр хаягддаг бөгөөд тэдгээрийн дийлэнхийг багахан зардлаар засаад өмсөх боломжтой байдаг аж.

Ингээд гутал засварчдын өгсөн “хийх болон хийх ёсгүй” зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.
Гутал засварчид бараг бүх зүйлийг засаж чадна Гутлын ул салах, оёдол тасрах зэрэг нь хог дээр хаях шалтгаан биш. Ерөөсөө 4-хөн фунт стерлингийн үнэтэй жижиг засвар хийлгэхэд л таны гутал дахин нэг жил, магадгүй түүнээс ч удаан хугацаагаар “амьдрах” боломжтой.
Чанартай гутал сонгох нь хэмнэлт юм Хямдхан, нэг улирлын чанартай гутал авахаас татгалзаж, чанартайг нь сонгоорой. Худалдан авалт хийхдээ дотор талыг нь шалгаж, арьсан дотортой эсэхийг харах нь чанарыг таних нэг арга юм.
Нэмэлт ул хийлгэж хамгаалах Арьсан ултай гутал авсан бол шууд нимгэн резинэн ул (half-sole) наалгахыг зөвлөж байна. Резинэн ул нь арьсан улаас хоёр дахин удаан эдэлгээтэй бөгөөд гутлын тэнцвэрт нөлөөлөхгүйгээр гулгахаас хамгаалдаг.

Гутлаа амраах буюу ээлжлэн өмсөх Нэг хос гутлыг өдөр бүр дараалан өмсөх хэрэггүй. Гутлаа нэг өдөр өнжөөж амраах нь дотор талын чийг хатаж, хэлбэрээ хадгалахад тусалдаг. Ингэж өмссөн гутал гурав дахин удаан эдэлгээтэй байдаг.
Арьсыг чийгшүүлэх Арьсан гутлыг тогтмол арьс арчилгааны бүтээгдэхүүнээр чийгшүүлж байх хэрэгтэй. Арьс хуурайшвал цууралт үүсэж, засах боломжгүй болдог.

Хэт их элэгдэхээс нь өмнө засуулах Гутлын өсгий эсвэл ул хэт элэгдэж, дотор бүтэц нь гэмтэхээс өмнө засварт хандах хэрэгтэй. Цаг алдалгүй хийсэн засвар нь гутлын эдэлгээг мэдэгдэхүйц уртасгана.
Цэвэрлэгээнд хэтрүүлэх хэрэггүй Заавал үнэтэй тусгай бодис шаардлагагүй. Чийгтэй даавуугаар тогтмол арчихад л хангалттай. Харин угаалгын шингэн зэрэг химийн бодис хэрэглэх нь арьсыг гэмтээх эрсдэлтэй.

Зөв өнгөлөх Чанартай гутал өнгөлөгчийг бага хэмжээгээр хэрэглээрэй. Хэт их өнгөлөх нь арьсны нүхийг бөглөж гэмтээдэг тул зөвхөн шаардлагатай хэсэгт нь түрхэхэд хангалттай.
Угаалгын машинаас хол байлгах Энэ бол хамгийн том алдаа юм. Угаалгын машины халуун ус болон нунтаг нь гутлын цавууг задалж, ул нь салах үндсэн шалтгаан болдог.

Зөв хатаах Нойтон гутлыг паар, халаагуур зэрэг халуун эх үүсвэрт шууд ойртуулж болохгүй. Дотор нь цаас эсвэл модон гутал хатаагч (shoe tree) хийж, өрөөний температурт аяндаа хатаах нь зөв.
Үнэр болон дуу чимээг арилгах Үнэртэй болсон гутлыг тусгай дезодорантаар шүршиж болно. Харин гутал алхах бүрт хурц дуу гардаг болсон бол дотор бүтэц нь гэмтсэний шинж тул мэргэжлийн засварт хандаарай.

Цавууг дур мэдэн бүү хэрэглэ Салсан хэсгийг гэрийн нөхцөлд зориулалтын бус хүчтэй цавуугаар наах нь дараа нь мэргэжлийн хүн засахад улам хүндрэл учруулдаг.
Гутал хуурга хэрэглэж завших Гутлаа өмсөхдөө ар талыг нь нухаж гэмтээхгүйн тулд гутал хуурга (shoehorn) тогтмол хэрэглээрэй. Мөн үдээсийг нь тайлж өмсөх нь гутлын хэлбэрийг хадгалахад тусалдаг.
Нарнаас хамгаалах Гутлаа ил задгай тавихын оронд өөрийнх нь хайрцагт хийж хадгалах нь нарны гэрлээс хамгаалж, өнгө алдахаас сэргийлдэг.
Веган гутлыг ч засдаг Арьсан бус материалаар хийсэн веган гутлуудыг ч мөн адил засаж, уллаж болдог тул муудсан даруйд нь хаях гэж яарах хэрэггүй.

