Хип хоп хөгжмийн урсгалын түүхийг бичилцэж, энэхүү соёлыг дэлхий дахинд түгээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан алдарт DJ, продюсер Африка Бамбаатаа 68 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөнийг TMZ агентлаг мэдээллээ. Тэрээр хип хоп ертөнцийг “Энх тайван, эв нэгдэл, хайр, зугаа цэнгэл” гэсэн дөрвөн үндсэн зарчим дээр тулгуурлан нэгтгэж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бүтээсэн нэгэн байв.
Африка Бамбаатааг “Хип хоп соёлын загалмайлсан эцэг” хэмээн хүндэтгэдэг бөгөөд түүний тавьсан суурь өнөөгийн орчин үеийн хөгжмийн салбарын тулгын чулуу болсон юм.
1970-аад оны сүүл үед тэрээр Universal Zulu Nation хөдөлгөөнийг байгуулж, Нью-Йоркийн гудамжны бүлэглэлүүдийн хүчирхийллийг хөгжим, бүжиг, уран бүтээлээр дамжуулан энх тайвны хөдөлгөөн болгон өөрчлөхийг зорьж байв. Түүний 1982 онд Soulsonic Force хамтлагтай хамтран гаргасан “Planet Rock” сингл нь электро-фанк хөгжмийн салбарт хувьсгал хийсэн бөгөөд “Looking for the Perfect Beat”, “Renegades of Funk” зэрэг бүтээлүүд нь түүнийг дэлхийн хэмжээний од болгосон билээ.
Гэвч түүний амьдралын сүүлийн жилүүд маргаан дагуулсан үйл явдлуудаар дүүрэн байлаа. 2016 онд түүнийг хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хэрэгт буруутгасан хэд хэдэн гомдол гарсан нь түүний нэр хүндэд томоохон сэв суулгасан юм. Хэдийгээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллаагүй ч, 2025 онд нэхэмжлэгч талтай холбоотой иргэний хэргийн асуудал шүүхээр хэлэлцэгдэж байжээ.
Хип хоп соёлд оруулсан түүний хөгжмийн нөлөө болон түүнийг тойрсон зөрчилтэй мэдээллүүд нь түүнийг түүхэн дэх хамгийн нөлөө бүхий бөгөөд маргаантай эрхэмүүдийн нэг болгон үлдээж байна.

