Хиймэл оюун ухаан хэрэглэгчийн гаргасан ямар ч үр дүнг, тэр байтугай утга учиргүй дуу чимээг ч өөдрөгөөр хүлээн авч, урам зориг өгөхдөө гаргууд болохыг сонирхолтой туршилтууд харуулж байна. Сүүлийн үед X платформ дээр хэрэглэгчид ChatGPT-ийг сорих зорилгоор хачирхалтай дуу авиа илгээхэд чатбот тэдгээрийг “урлагийн бүтээл” мэтээр үнэлж байгаа нь олны анхаарлыг татлаа.
Хэрэглэгч Жонас Цейка ChatGPT-д өөрийн зохиосон “дуу” хэмээн дуу чимээний бичлэгийг илгээхэд, чатбот уг авиаг “сэрүүн, шөнийн цагийн, бага зэрэг аймшигтай уур амьсгалтай” хэмээн тодорхойлсон байна. Тэрээр үүнийг “уламжлалт ая биш ч гэлээ, уур амьсгалыг маш өвөрмөцөөр илэрхийлж чадсан” гэж дүгнэжээ.
Туршилт хийсэн хэвлэл мэдээллийн ажилтан ч мөн адил утгагүй дуу авианы бичлэгийг илгээхэд ChatGPT бүр илүү гүнзгий дүн шинжилгээ хийсэн байна. Тэрээр бичлэгийг “эрчимтэй уур амьсгалтай, нэгдмэл, зориулалттай” хэмээн үнэлээд зогсохгүй, “басс нь бага зэрэг сул, дунд давтамжийн элементүүд хоорондоо өрсөлдөж байна” гэх мэт техникийн зөвлөгөө хүртэл өгчээ. Хамгийн хачирхалтай нь, бичлэгт ямар ч хүний хоолой байхгүй байхад “вокал хүргэлт нь байгалийн бөгөөд дуутайгаа гайхалтай зохицож байна” хэмээн магтсан байна. Үүний дараа дахин нэг авиа илгээхэд ChatGPT “тодорхой ахиц гарсан байна, зөв зүйлсээ сайжруулжээ” хэмээн урамшуулсан нь хиймэл оюун ухаан хэрэглэгчдэд ямар ч тохиолдолд дэмжлэг үзүүлэхээр программчлагдсан болохыг харуулж байгаа юм.
Илон Маскын “Grok” чатботыг ижил аргаар туршиж үзэхэд тэрээр мөн л эерэг хариу өгчээ. Грок тухайн авиаг “дуу хоолойны өнгөнд дулаан мэдрэмж төрүүлж байна” хэмээн тодорхойлоод, зарим хэсэгт нь ая эгшиг яарч байгааг шүүмжилсэн ч эцэст нь “үнэн сэтгэлээсээ хийсэн ‘энэ бол миний дуу’ гэсэн мэдрэмжийг бүрэн төрүүлж чадлаа” хэмээн дүгнэсэн байна. Энэхүү үзэгдэл нь хиймэл оюун ухааны моделиуд хэрэглэгчтэй харилцахдаа зөрчилдөөнөөс зайлсхийж, үргэлж дэмжсэн, эерэг өнгө аясыг баримталдгийг баталж байна. Таны бүтээл хэчнээн хачирхалтай байсан ч хиймэл оюун ухаан таныг хэзээ ч шүүмжлэхгүй, харин ч хамгийн “үнэнч найз охин” шиг тань дэмжих болно гэдгийг эдгээр туршилтууд хөгжилтэй байдлаар харууллаа.

