Пакистаны Исламабад хотноо зохион байгуулагдсан АНУ болон Иран улсын хоорондын энхийн хэлэлцээ бүтэн өдөр ч үргэлжилж чадалгүй амжилтгүй өндөрлөв. Зургаан долоо хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, дэлхийн эрчим хүчний гол зангилаа болох Ормузын хоолойг дахин нээх зорилготой байсан тус хэлэлцээ талуудын итгэлцэлгүй байдал болон зарчмын зөрүүтэй шаардлагуудаас болж ийнхүү мухарджээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлэлцээ зогссон гол шалтгааныг Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар хангалттай баталгаа өгч чадаагүйтэй холбон тайлбарлав. Тэрээр “Иран улс ойрын болон алсын ирээдүйд цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн үндсэн итгэл үнэмшлийг бидэнд төрүүлж чадсангүй” хэмээн мэдэгдсэн байна. Ираны талын мэдээлж буйгаар, АНУ-ын зүгээс Ираны цөмийн түлшийг 0 хувь хүртэл бууруулж, хуримтлуулсан 400 кг ураныг устгах хатуу шаардлага тавьсан нь хэлэлцээг зогсооход хүргэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээний явцад “Гэрээ байгуулагдах эсэх нь надад ямар ч ялгаагүй, бид ялалт байгуулна” гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн юм. АНУ-ын төлөөлөгчид “эцсийн бөгөөд хамгийн шилдэг саналаа” Иранд үлдээгээд Исламабадыг орхин гарчээ. Хэрэв Иран энэхүү саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол АНУ эмзэг байдалд байгаа гал зогсоох хэлэлцээрийг цуцалж, цэргийн ажиллагаагаа дахин эрчимжүүлэх магадлал өндөр байна.

Одоогоор АНУ-ын тэнгисийн цэргийн командлал Ормузын хоолойг “цэвэрлэх” ажиллагаанд шумбагч онгоц болон нэмэлт хүчнүүдийг татан оруулж эхлээд байна. Нөгөө талд Иран улс аливаа халдлагад хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэнээр бүс нутгийн нөхцөл байдал дахин хурцдаж, газрын тосны үнийн хэлбэлзэл олон улсын зах зээлд томоохон эрсдэл дагуулж эхэллээ.

