Шинэ төгсөгчдийн дунд хиймэл оюун ухааны (AI) улмаас ажил олоход хүндрэлтэй байгаа талаарх хэлэлцүүлэг өрнөж байна. Галлап байгууллагын 2025 оны сүүлийн улирлын судалгаагаар шинэ төгсөгчдийн ажилд орох боломж эрс хязгаарлагдмал байгааг харуулжээ.
Судалгаанд оролцогчдын 72 хувь нь чанартай ажил олоход “хэцүү цаг” болсон гэж үзсэн байна. Тоон үзүүлэлтээс харахад өнгөрсөн арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл хөдөлмөр эрхлэлтийн оролцооны түвшин 0.5 хувиар буурчээ. Энэ нь 2012-2022 онд нийт 2.1 хувиар буурч байсантай харьцуулахад нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж буйг илтгэж байгаа юм.
Технологийн компаниуд хиймэл оюун ухаанаар дамжуулан автоматжуулалтыг эрчимжүүлж байгаа нь ажил хайгчдад шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Хэдийгээр AI нь ажлын байрыг шууд устгаж байгаа эсэх нь маргаантай ч ажил хайх явцад зайлшгүй нөлөө үзүүлэх болсон нь тодорхой байна. Тухайлбал, ажил горилогчид хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахаас өмнө машины тодорхойгүй шалгуурыг давж, тусгай түлхүүр үгс ашиглан өргөдлөө бэлтгэх шаардлагатай болсон нь ядаргаатай бөгөөд санаа зовоосон асуудал болоод байгааг төгсөгчид хэлж байна.
Массачусетсийн Смит коллежийг төгсөж буй 22 настай Гиллиан Фрост гэхэд есдүгээр сараас хойш 90 гаруй ажилд өргөдөл өгснөөс 55 хувь нь шууд татгалзсан хариу авчээ. Тэрээр “Бид ажилгүйдэл, хиймэл оюун ухаан, дайн гэсэн гурван том хүндрэлийг зэрэг туулж буй анхны үе болоод байна” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлсон юм.
Ажлын зах зээлийн энэхүү хүндрэлийг юу ч үүсгэсэн бай, шинэ төгсөгчдийн хувьд маш их хичээл зүтгэл гаргаж байгаа ч эдийн засгийн системийн өөрчлөлтөөс шалтгаалан амжилт олох нь ховор байна. Энэ нь залуу үеийнхний дунд ирээдүйдээ итгэх итгэлийг бууруулж буй томоохон сорилт болоод байна.

