Турк улсын өмнөд хэсэгт байрлах нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарч, найман сурагч, нэг багш амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа. Энэ нь тус улсад ердөө хоёр хоногийн дотор гарч буй сургуулийн орчин дахь хоёр дахь буудлага бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хөнөөлтэй халдлагад тооцогдож байна.
Кахраманмараш мужийн Айсэр Чалик дунд сургуулийн наймдугаар ангийн 14 настай сурагч таван гар буу, их хэмжээний сумтайгаар сургуульдаа нэвтэрч, хичээл орж байсан хоёр анги руу гал нээжээ. Халдлага үйлдсэн сурагчийг цагдаагийнхан устгасан байна. Урьдчилсан байдлаар халдлагад ашигласан зэвсгүүд нь түүний эцэг болох цагдаагийн бэлтгэл ажилтны эзэмшлийнх байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд хүүгийн эцэг эхийг саатуулан шалгаж эхэлжээ.

Халдлагын улмаас шархадсан 13 хүний зургаа нь эрчимт эмчилгээнд байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүнд байна. Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи уг хэргийг террорист бүлэглэлтэй холбоогүй, “хувь хүний үйлдэл” хэмээн тодорхойлсон юм. Гэрчүүдийн мэдээлснээр, буун дуу гарах үед сурагчид айж сандран сургуулийн цонхоор үсэрч, амиа аврахыг хичээж байжээ.
Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүслээ. Энэхүү хэргээс ердөө нэг хоногийн өмнө Туркийн өөр нэгэн сургуульд хуучин сурагч нь гал нээж 16 хүнийг шархдуулаад амиа хорлосон хэрэг гарсан юм. Хэдийгээр эдгээр хоёр хэрэг хоорондоо шууд холбоогүй ч сургуулийн орчин дахь аюулгүй байдал болон хүчирхийллийн асуудал Туркийн нийгмийн сэтгэл зүйг ихэд түгшээж байна.

