“Новая Газета” сонины байранд хийсэн нэгжлэг болон сэтгүүлчдийг баривчилж буй үйл явдал нь ОХУ-д үлдсэн бие даасан хэвлэл мэдээллийн хүнд нөхцөл байдлыг илхэн харуулж байна.
2026 оны 4-р сарын 9-ний өдөр Москва хотын цагдаа нар “Новая Газета” сонины байранд 13 цагийн турш шалгалт хийлээ. Энэ үеэр тус сонины сэтгүүлч Олег Ролдугиныг “хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, ашигласан” гэх хэргээр баривчилж, урьдчилсан хорих ангид шилжүүлжээ. Нобелийн Энх тайвны шагналт, тус сонины ерөнхий эрхлэгч асан Дмитрий Муратовын онцолсноор, энэхүү баривчилгаа нь улс төрийн болон санхүүгийн луйврыг илрүүлдэг эрэн сурвалжлах мэдээллийг хянах, нууцлах зорилготой шинэ хуулийн хүрээнд хийгдсэн анхны тохиолдол болж байна.
“Новая Газета” сонин нь “тусгай цэргийн ажиллагаа”-ны талаарх шүүмжлэлт мэдээллүүдээсээ шалтгаалан 2024 оны 3-р сард лицензээ цуцлуулсан бөгөөд одоо ОХУ-д албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Өдгөө Оросын бие даасан хэвлэл мэдээллийн орон зай гадаадад дүрвэсэн 1500 орчим сэтгүүлчдээр хязгаарлагдаж байна. Тэдгээр сэтгүүлчид эх орондоо улс төрийн хэрэгт яллагдах, “террорист” хэмээн нэрлэгдэх өндөр эрсдэл дор ажиллаж байгаа юм.
Д.Муратов Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн суртал ухуулга хэрхэн өөрчлөгдсөнийг шүүмжлэн тэмдэглэв. Тэрээр урьд нь “иргэний байгууламжуудад цохилт өгдөггүй” гэж мэдээлдэг байсан хэвлэлүүд одоо “Киевийг газрын хөрснөөс арчих, хөлдөөх” тухай ил тод уриалах болсныг дурджээ. Түүний үзэж буйгаар, энэ нь хэрцгийллийг эх оронч үзлийн нэг хэлбэр болгон хүлээн зөвшөөрүүлж буй хэрэг бөгөөд фашист шинж чанартай үзэл суртал нийгэмд газар авч байгаагийн илрэл юм.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д 1400 орчим улс төрийн хоригдол байгаагийн дийлэнх нь энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж, дайныг эсэргүүцсэн иргэд байна.

