АНУ-ын Вашингтон хотноо ирэх зургадугаар сарын 14-нд болох UFC-гийн “Цагаан ордон” арга хэмжээний хөтөлбөр албан ёсоор зарлагдлаа. Энэхүү түүхэн үйл явдал Цагаан ордны өмнөх талбайд болох бөгөөд ням гарагт таарч байгаа тул уламжлалт арга хэмжээнүүд нэг хоногоор хойшлогдсон байна. Үдшийн оргил тулаанаар хөнгөн жингийн аварга Илья Топуриа болон түр зуурын аварга Жастин Гейтжи нар бүс нэгтгэх тулаан хийхээр болжээ.
Арга хэмжээний долоо хоног баасан гарагт Линкольны дурсгалын цогцолборт болох хэвлэлийн бага хурлаар эхлэх бөгөөд үүнд тулалдах бүх 14 тамирчин оролцоно. Бямба гарагт Цагаан ордны дэргэдэх “The Ellipse” цэцэрлэгт хүрээлэнд фэн фестивал болон ёслолын жин үзэх ажиллагаа зохион байгуулагдах аж. Жин үзсэний дараа алдарт Zac Brown Band хамтлаг хөгжөөн дэмжигчдэд зориулж тоглолтоо толилуулна. Ням гарагт тулааны үндсэн хэсэг эхлэх бөгөөд нийт долоон тулаан хийхээр төлөвлөөд байна.
“Цагаан ордон” арга хэмжээний тулаанд тасалбар худалдаалахгүй ч 5,000 орчим хүний суудал бэлтгэх төлөвтэй байгаа юм. Хөгжөөн дэмжигчдэд зориулсан фестивалийн тасалбар үнэ төлбөргүй байх бөгөөд урьдчилан бүртгүүлсэн хүмүүст давуу эрх олгоно. Харин бусад дагалдах арга хэмжээнүүдийн ерөнхий тасалбарыг дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас эхлэн борлуулахаар товложээ.
Энэ үдшийн гол тулаануудад Илья Топуриа, Жастин Гейтжи нараас гадна Алекс Перейра болон Сирил Ган нарын хүнд жингийн шилдгүүд хүч үзнэ. Мөн Шон О’Мэлли, Майкл Чандлер, Бо Никал зэрэг UFC-гийн нэр хүндтэй тамирчид Цагаан ордны дэвжээнээ гарч, тулааны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээх гэж байна. Сүүлчийн мэдээгээр Деррик Льюис болон Жош Хокит нарын хүнд жингийн тулаан жагсаалтад нэмэгдсэнээр нийт долоон тулаан баталгаажжээ.
MAIN EVENT: Ilia Topuria vs. Justin Gaethje
Alex Pereira vs. Ciryl Gane
Sean O’Malley vs. Aiemann Zahabi
Mauricio Ruffy vs. Michael Chandler
Bo Nickal vs. Kyle Daukaus
Diego Lopes vs. Steve Garcia
Derrick Lewis vs. Josh Hokit

