Европын сансрын агентлагийн (ESA) “Mars Express” аппарат Ангараг гарагийн гадаргуу дээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг илрүүлсэн байна. Ангараг гарагийн улаан хүрэн элсээр хучигдсан гадаргуу ихэвчлэн тогтмол, өөрчлөлтгүй мэт харагддаг ч шинээр ирүүлсэн зургууд энэхүү ойлголтыг өөрчилж, галт уулын харанхуй үнс гадаргуугийн тодорхой хэсгийг бүрхэн тэлж байгааг харууллаа. Хамгийн сонирхолтой нь сая сая жилийн турш явагддаг геологийн ийм төрлийн өөрчлөлт ердөө 50 хүрэхгүй жилийн дотор явагдсан байна.
NASA-гийн 1976 онд илгээсэн “Viking” аппаратын авсан зурагтай харьцуулахад энэхүү харанхуй үнсний давхаргын тархалт мэдэгдэхүйц нэмэгджээ. ESA-ийн эрдэмтдийн үзэж буйгаар ийнхүү үнс ил гарч тархсан нь Ангараг гарагийн хүчтэй салхины нөлөөгөөр дээр нь байсан цайвар өнгийн тоос арилсантай холбоотой байж болзошгүй юм. Нарны аймгийн хамгийн том галт уул болох Олимпус Монс зэрэг олон том галт уултай энэ гарагийн түүхэн дэх идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд ийм их хэмжээний үнс хуримтлагдсан гэж үздэг.
“Mars Express” аппаратын авсан сүүлийн үеийн зураг нь 1970-аад оны үеийн “Viking” аппаратын авсан уламжлалт цайвар бор өнгийн дүр төрхөөс эрс ялгаатай байгаа юм. Галт уулын харанхуй үнс өмнө нь элс, тоосоор хучигдсан байсан өргөн уудам газруудыг шинээр бүрхэн харагдах болжээ. Судалгааны гол бүс болох “Utopia Planitia” нь эрт цагт усны нөөцтэй байсан гэж таамаглагддаг хотгор бөгөөд шинэ зургуудад тус бүс дэх том тогоо болон түүний эргэн тойрон дахь мөстлөгийн нөлөөгөөр үүссэн өвөрмөц тогтоцууд тод дүрслэгдсэн байна. 2003 оноос хойш Ангараг гарагийг судалж буй “Mars Express” төсөл нь тус гарагийн геологи болон уур амьсгалын хувьсал өөрчлөлтийг ойлгоход ийнхүү чухал хувь нэмэр оруулсаар байна.

