Дэлхийн хэмжээний алдарт авирагч Алекс Хоннолд өөрийн төрөлх Невада мужийн өвөрмөц байгаль, сонирхолтой газруудаар аялж, орон нутгийн иргэдтэй танилцсан байна. Тэрээр “Get a Little Out There with Alex Honnold” хэмээх таван ангит видео цувралдаа цөл, уул нурууд дахь гайхалтай хүмүүс болон газруудыг онцолжээ. Түүний аялал өндөр уулнаас эхлээд аймшигтай зочид буудал, эхнэртээ зориулж үнэт чулуу хайх зэрэг сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өрнөсөн байна.

Аялал Жэферсон уулын 21 км үргэлжлэх явган аялалаас эхэлдэг. Энэхүү өндөр уулын оргилд хүрэх замд цэцэгт хөндий, хуш модны ой болон арван хэдэн голыг гатлах шаардлагатай болдог. Энд бусад аялагчидтай тааралдах нь ховор бөгөөд зэрлэг хонь, шувуу зэрэг амьтдыг харах боломжтой юм.
Түүхэн зочид буудлууд ч түүний аяллын нэг хэсэг байв. 1907 онд нээгдсэн “Mizpah Hotel” нь АНУ-ын хамгийн аймшигтай зочид буудлуудын нэгээр шалгарч байсан бөгөөд түүхэн гоо үзэсгэлэнг орчин үеийн тав тухтай хослуулснаараа онцлог. Тус зочид буудал бүр сүнс судлаачдад зориулсан тусгай багцуудыг санал болгодог байна.

Мөн Тонопа хотод байрлах “Otteson Brothers Mining Tour”-д оролцож, өөрийн гараар цэнхэр чулуу олборлох боломжтойг тэрээр харуулжээ. Энэхүү аялал нь таныг холын замд гаргаж, шороо тоостой нүүр тулгах боловч өвөрмөц чулууны үүслийн талаар сонирхолтой мэдээлэл өгдөг аж.

Алексийн аялал цааш 6000 орчим алиалагчийн дүрсээр чимэглэгдсэн “The Clown Motel”-ээр үргэлжилнэ. Аймшгийн киноны нээлтийн үзэгдэл мэт санагдуулам энэхүү мотел нь аялагчдад өвөрмөц мэдрэмж төрүүлдэг байна.

