NASA-гийн эрдэмтэд сансрын орчинд, ялангуяа Сарны гадаргуу дээр гал хэрхэн тархах талаарх түүхэн дэх анхны туршилтыг хийхээр бэлтгэж байна. 2026 оны сүүлээр хөөргөхөөр төлөвлөж буй “Flammability of Materials on the Moon (FM2)” буюу “Сарны материалын шатах чанар” хэмээх энэхүү даалгавар нь дэлхийгээс өөр гаргийн биет дээр гал хэрхэн ажилладгийг судлах анхны томоохон алхам болох юм.
Туршилтын хүрээнд дөрвөн төрлийн түлшний дээжийг Сарны татах хүчний нөхцөлд шатааж, дэлгэрэнгүй ажиглалт хийнэ. Энэхүү судалгаанаас гаргаж авах өгөгдөл нь сансрын хөлөг болон ирээдүйн Сарны суурин дахь галын аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Сансрын хөлөгт гал гарах нь дэлхий дээрхээс хамаагүй аюултай бөгөөд урьдчилан таамаглахад бэрх байдаг. Бага татах хүчний нөхцөлд гал нь дэлхий дээрх шиг дөл хэлбэртэй бус, илүү бөмбөлөг хэлбэртэй болж, тархах механизм нь эрс өөрөөр явагддаг байна. NASA олон жилийн турш сансрын орчинд материалын шатах чанарыг судалж, NASA-STD-6001B стандартыг боловсруулж ирсэн билээ.
Сүүлийн үеийн судалгаагаар Сарны татах хүчний нөлөөгөөр гал тархах хурд нь дэлхийн түвшнээс илүү аюултай байж болзошгүй гэсэн таамаглал гараад байна. Энэхүү эрсдэл нь сансрын нисгэгчдийн хувцас болон бусад тоног төхөөрөмжийг зохион бүтээхэд зайлшгүй анхаарах ёстой хүчин зүйл юм.
FM2 төслийн амжилт нь ирээдүйн “Artemis” хөтөлбөрт, ялангуяа хүмүүсийг Сар дээр буулгах “Artemis 4” болон “Artemis 5” даалгавруудын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад тусална. Энэхүү туршилт нь хүн төрөлхтөн өөр гаргийн биет дээр урт хугацаагаар суурьших суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

