АНУ-ын Төрийн нарийн бичгийн газраас Оросын газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг далайд тээвэрлэж буй тохиолдолд худалдан авах зөвшөөрлийг нэг сарын хугацаатай сунгалаа. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнийн өсөлтийг сааруулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Төрийн нарийн бичгийн газраас гаргасан тусгай зөвшөөрөл ирэх 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ хугацаанд далайд ачигдсан Оросын түлш, шатахууныг худалдан авах боломжтой болж байгаа юм. Энэхүү шийдвэр нь өмнө нь 4 дүгээр сарын 11-нд дуусгавар болоод байсан хоригийг сулруулах арга хэмжээг үргэлжлүүлж буй хэлбэр юм.
Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент Орос болон Ираны газрын тосны экспортын зөвшөөрлийг сунгахгүй гэж мэдэгдэж байсан ч нөхцөл байдал ийнхүү өөрчлөгджээ. Одоогийн арга хэмжээ нь АНУ болон Израил улсын Иранд явуулж буй цэргийн ажиллагаанаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн хямралыг намжаах зорилготой. Хариу арга хэмжээ болгон Иран улс эрчим хүчний тээврийн стратегийн чухал зам болох Хормузын хоолойг хаасан нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг огцом өсгөөд байгаа юм.
Гэвч энэхүү шийдвэр нь ОХУ-ын Украин дахь дайныг санхүүжүүлэх эх үүсвэрийг таслах гэсэн олон улсын хүчин чармайлтад саад учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. “Их долоо”-гийн сангийн сайд нарын уулзалтын үеэр Францын Сангийн сайд Роланд Лескюр “Орос улс Иран дахь нөхцөл байдлаас ашиг олох ёсгүй” бөгөөд “Украинд хохирол учрах ёсгүй” гэдгийг онцгойлон анхааруулсан юм. ОХУ-ын 2022 онд эхлүүлсэн халдлага нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт тохиолдсон хамгийн их цус урсгасан мөргөлдөөн болоод байна.

