in

Харь гаригийнхан Дэлхийг илрүүлж чадвал юу харах вэ?

Харь гаригийнхан Дэлхийг илрүүлж чадвал юу харах вэ?

Хэрэв манай технологийн түвшинтэй дүйцэхүйц чадвартай харь гаригийн соёл иргэншил оршин байдаг бол тэд Дэлхийг илрүүлж, хүн төрөлхтний ул мөрийг таньж чадах уу? Хэрэв тийм бол ямар дохио хамгийн тод мэдрэгдэж, хэр хол зайнаас ажиглагдах боломжтой вэ?

Эдгээр сонирхолтой асуултыг SETI институтийн доктор Софиа Шейхийн удирдсан шинэ судалгаагаар авч үзжээ.

Энэхүү судалгаанд онолын загварчлал ашиглан техник технологийн ул мөр болох техносигнатур-уудыг нэгэн зэрэг шинжилсэн нь анхных нь болж байгаа юм. Өмнө нь эдгээрийг тус тусад нь судалж байсан бол энэ удаа тэднийг нэгтгэн харьцуулсан байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд, хүн төрөлхтнөөс үүдэлтэй хамгийн тод илрэх дохио нь радио сигналууд бөгөөд, ялангуяа одоо ажиллахаа больсон Аресибо обсерваторийн гаргаж байсан планетар радарын цацрал хамгийн их анзаарагдах боломжтой аж. Эдгээр сигналуудыг 12,000 гэрлийн жилийн зайнаас хүртэл илрүүлэх боломжтой гэнэ.

Үүнээс гадна, Дэлхийн агаар мандал дахь бохирдуулагч бодисууд ч илрэх магадлалтай боловч харьцангуй ойрын зайнаас л ажиглагдана. Харин шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар одоо судлаачид алслагдсан гаригууд дээрх ижил төрлийн техносигнатур-уудыг илрүүлэх чадвартай болж байгаа нь харь гаригийн ухаалаг амьдралыг хайх шинэ арга зам нээгдэж байгааг харуулж байна.

Дэлхийн хамгийн тод мэдрэгдэх сигналууд

Дэлхийгээс цацрах олон төрлийн сигналуудаас хамгийн хүчтэй нь радио долгион юм. Энэ нь галактикийн түвшинд ч тод мэдрэгдэх боломжтой.

SETI буюу Харь гаригийн оюун ухааныг хайх судалгааны хөтөлбөр нь голчлон радио телескоп ашиглан хиймэл гаралтай байж болзошгүй радио долгионыг хайдаг. Манай дэлхийн планетар радарын хүчтэй цацралуудыг үндэслэн судлаачид хэрэв харь гаригийнхан ижил төстэй технологи ашиглан сигнал хайдаг бол Дэлхий онцгой ажиглагдах боломжтой гэж үзэж байна.

Агаар мандлын техносигнатур судалгаа

Радио долгионоос гадна энэхүү судалгаанд агаар мандлын техносигнатур болох бохирдуулагч бодисуудыг шинжилсэн байна. Үүнд үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгардаг азотын давхар исэл (NO₂) зэрэг хорт хийнүүд багтжээ.

Сүүлийн үеийн сансрын дурангийн хөгжил, тухайлбал Жеймс Вэбб сансрын дуран (JWST) болон ирээдүйн Амьдрах орчинтой ертөнцийн обсерватори (HWO) зэрэг төхөөрөмжүүд нь холын гаригуудын агаар мандлыг нарийвчлан шинжлэх боломжтой болж байна.

Судалгааны үр дүнгээс харахад, хэрэв харь гаригийнхан ижил төстэй дурангуудтай бол тэд Дэлхийн агаар мандлын бохирдуулагчдыг хамгийн холдоо 5.7 гэрлийн жилийн зайнаас буюу Проксима Центаврагийн системээс ажиглах боломжтой аж.

Энэ нь аж үйлдвэрийн бохирдол нь соёл иргэншлийг илрүүлэх шууд бус арга болж болохыг харуулж байна. Хэрэв харь гаригийнхан холын гариг дээр хэвийн бус хэмжээгээр хуримтлагдсан бохирдуулагч илрүүлбэл, тэр гаригт дэвшилтэт технологи бүхий амьдрал оршин байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэх боломжтой болно.

Харь гаригийнхан Дэлхий дээр юу анзаарах вэ?

Хэрэв ажиглагч Дэлхий рүү улам ойртвол, илрэх техносигнатур-уудын тоо нэмэгдэнэ. Ойр зайнаас ажиглахад дараах зүйлс тодорхой харагдана:

  • Хотын гэрэлтүүлэг
  • Холбоо, цэргийн хэрэглээ, судалгааны зорилгоор ашиглагддаг өндөр хүчин чадалтай лазерийн дохио
  • Хотын дулааны ул мөр (urban heat islands), хиймэл барилга байгууламжийн ялгаруулдаг дулааны илүүдэл
  • Дэлхийн тойрог замд эргэлдэж буй хиймэл дагуулууд болон сансрын хог хаягдал

Эдгээр давхцсан ул мөрүүд нь аж үйлдвэржсэн ертөнцийн дүр зургийг илтгэн харуулж, Дэлхийг харь гаригийнхны хувьд хамгийн анзаарагдахуйц гаригуудын нэг болгоно.

Дэлхийг сансар огторгуйн толь болгон ашиглах нь

Судлаачид Дэлхийн техносигнатур-уудыг ойлгох нь харь гаригийн оюун ухааныг хайх судалгаанд чухал үүрэгтэй гэж онцолжээ. Бид өөрсдийнхөө илрэх дохиог тодорхойлох замаар холын гаригуудаас хайх техносигнатур-уудаа зөв тодорхойлох боломжтой болно.

Судалгааны хамтран зохиогч, Калифорнийн Их Сургуулийн (Беркли) одон оронч Мэйси Хьюстон:

“Бидний зорилго бол SETI судалгааг ‘Дэлхий рүү буулгаж’ одоогийн нөхцөл байдлаа дүгнэх явдал байсан. Бид харь гаригийнхан бидэнтэй адилхан байна гэж хэзээ ч таамаглаж болохгүй. Гэвч өөрсдийнхөө техносигнатурыг ойлгох нь бидний хайлтын цар хүрээг тодорхойлоход тусална.”

Доктор Софиа Шейх ч мөн энэ санааг дэмжиж, хүний үйл ажиллагаа Дэлхий дээр хэрхэн ул мөр үлдээж буйг судлах нь харь гаригийн соёл иргэншлийг илрүүлэх аргачлал боловсруулахад тустай гэж тайлбарлажээ.

“SETI судалгааг сансар огторгуйн толь болгон ашиглах нь хамгийн сонирхолтой хэсэг байлаа. Дэлхий галактикт хэрхэн харагддаг вэ? Бидний гаргаж буй ул мөрийг хэрхэн хүлээж авах вэ? Бид мэдэхгүй ч гэсэн энэ судалгаа бидэнд төсөөлөх, дүгнэх боломж олгосон.”

Техносигнатур судалгааны ирээдүй

SETI судалгаа урьд өмнө нь радио сигналуудад төвлөрч байсан ч энэхүү судалгаа нь олон төрлийн техносигнатур-уудыг хамтран судлах нь чухал болохыг харууллаа.

Одоогийн болон ирээдүйн сансрын дурангууд нь илрүүлэх чадвараа сайжруулснаар, эрдэмтэд Дэлхий төдийгүй бусад гаригууд дээрх техносигнатурыг илүү өргөн хүрээнд судлах боломжтой болно. Цаашид аж үйлдвэрийн бохирдол, хиймэл уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинэ төрлийн ул мөрүүдийг илрүүлэх боломж ч нээгдэнэ.

Эцэст нь, энэ судалгаа SETI судалгааны давуу болон сул талуудыг онцолж байна. Дэлхий радио сигналуудаараа хүчтэй мэдрэгдэж болох ч бусад техносигнатур нь зөвхөн ойрын зайнаас ажиглагдана.

Харь гаригийн ухаалаг амьдрал үнэхээр биднийг ажиглаж байна уу, үгүй юу гэдэг асуулт хариултгүй хэвээр байгаа ч, сансар огторгуйн уудамд бидний байр суурийг ойлгохын тулд бид үргэлжлүүлэн судалсаар байх болно.

earth.com

What do you think?

37 Points
Upvote Downvote

Leave a Reply

Honda, Nissan хоёрын нэгдэх хэлэлцээр нуран унахад ойрхон байна

Honda, Nissan хоёрын нэгдэх хэлэлцээр нуран унахад ойрхон байна

Хөгжмөөр анагаах нь: Хувь хүнд тохирсон хөгжим нь өвдөлтийг багасгаж чадна

Хөгжмөөр анагаах нь: Хувь хүнд тохирсон хөгжим нь өвдөлтийг багасгаж чадна