Токио их сургуулийн судлаачид эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлах үеийн үнэр нь эрэгтэйчүүдийн тэднийг хэрхэн хүлээн авахад нөлөөлж болохыг тогтоожээ. Энэ нь үлгэр, хайр дурлалын шидэт ундаатай огт холбоогүй, харин бодит биологийн үйл явц юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн биеийн үнэрийн зарим нэгдлүүд өндгөн эс гадагшлах үед нэмэгддэг нь тогтоогдсон байна.
Эдгээр нэгдлийг суганы үнэртэй холиход эрэгтэйчүүд уг үнэрийг илүү таатай гэж дүгнэжээ. Мөн тэд үнэртэй холбоотойгоор харуулсан эмэгтэйчүүдийн зургийг илүү дур булаам, эмэгтэйлэг гэж үзсэн байна. Үүнээс гадна, энэ үнэр нь шүлсэн дэх стресстэй холбоотой биомаркер болох амилаза ферментийн түвшинг бууруулж байгаагаар стрессийг багасгаж байгааг харуулсан.
Судалгааны баг энэ нь хүний феромон байгааг баталж байгаа хэрэг биш гэдгийг онцолсон. Гэхдээ үнэр нь хүмүүсийн хоорондын харилцаанд үл мэдэгдэм нөлөө үзүүлж байж болохыг илтгэж байна.
Хүний феромон одоогоор батлагдаагүй
Феромон гэдэг нь амьтад бие биедээ зан авир болон физиологийн өөрчлөлт өдөөх зориулалттай химийн нэгдлийг хэлдэг. Романтик инээдмийн кинонд түгээмэл гардаг ч хүний хувьд феромон оршин байгааг эрдэм шинжилгээний түвшинд одоогоор бүрэн нотлоогүй байна.
Гэсэн ч Токио их сургуулийн энэ шинэ судалгаа хүний биед хэмжиж болохуйц, сонирхолтой процесс явагдаж байгааг, феромонтой төстэй үзэгдэл ажиглагдаж байгааг харуулжээ.
“Бид эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлах үеэр нэмэгддэг гурван төрлийн үнэрт бодис илрүүлсэн. Эрэгтэйчүүд эдгээр нэгдлийг суганы үнэртэй холин үнэрлээд илүү таатай гэж үнэлсэн бөгөөд хамт харуулсан эмэгтэйчүүдийн зургийг илүү дур булаам, эмэгтэйлэг гэж дүгнэсэн” хэмээн судалгааны удирдагч профессор Казүшигэ Тохара хэлэв.
“Үүнээс гадна эдгээр нэгдэл нь эрэгтэй оролцогчдыг тайвшруулж, хяналтын бүлэгтэй харьцуулахад шүлсэн дэх амилаза ферментийн өсөлтийг дарсан. Энэ нь биеийн үнэр нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байж болохыг харуулж байна.”
Өндгөн эс гадагшлах үед биеийн үнэр өөрчлөгддөг
Өмнөх судалгаанууд эмэгтэйчүүдийн биеийн үнэр сарын тэмдгийн мөчлөгийн дагуу өөрчлөгдөж, өндгөн эс гадагшлах үед илүү таатай болдгийг харуулж байв. Гэвч энэ үнэрийн химийн найрлага тодорхойгүй хэвээр байлаа.
Үүнийг судлахаар Тохара болон түүний баг химийн шинжилгээний хийн хроматограф-масс спектрометрийн аргыг ашиглаж, мөчлөгийн үе шат бүрт өөрчлөгддөг дэгдэмхий нэгдлүүдийг тодорхойлжээ.
“Судалгааны хамгийн хэцүү хэсэг нь эмэгтэйчүүдийн мөчлөгийн явц дахь суганы үнэрийн өөрчлөлтийг тогтоох байсан. 20 гаруй эмэгтэйг нарийн цагийн хуваарийн дагуу оролцуулах шаардлагатай байв” гэж судалгааны анхны зохиогч, тухайн үед Тохарагийн лабораторийн оюутан байсан Нозоми Оги дурдав.
Түүнчлэн оролцогч бүртэй биеийн температур болон мөчлөгийн бусад үзүүлэлтийн талаар тогтмол ярилцаж, хянах шаардлагатай байсан тул нэг хүний дээж цуглуулахад л бүтэн нэг сар гаруй хугацаа зарцуулжээ.
Үнэрийн туршилтыг сохроор хийсэн
Судлаачдын тулгарсан өөр нэг сорилт нь туршилтыг “сохроор” явуулах явдал байв. Энэ нь оролцогчид юу үнэрлэж буйгаа, юунд үнэрлэж буйгаа мэдэхгүй байх нөхцөлийг хэлнэ. Хяналтын бүлэгт огт үнэр үнэрлүүлээгүй оролцогчид ч байлаа.
Ингэснээр сэтгэлзүйн хүлээлт, нөлөөллийг багасгах боломжтой болсон. Мөн баг fMRI шинжилгээг ашиглан эрэгтэйчүүдийн тархи эдгээр үнэрт хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг судалжээ.
Сканнерын үр дүнгээс тархины шагнал болон царайны гоо үзэсгэлэнг боловсруулдаг хэсгүүд болох орбитофронтал кортекс болон фузиформ гирус илүү идэвхжиж байв. Эрэгтэйчүүд үнэрийг ухамсарлаж анзаардаггүй ч тархи нь хариу өгч байсан гэсэн үг.
Одоогоор жинхэнэ феромон гэж хэлэхгүй
“Бид илрүүлсэн нэгдлүүдийг хүний жинхэнэ феромон гэж баттай хэлэх боломжгүй. Феромоны сонгодог тодорхойлолт нь тухайн төрөл зүйлийн хүрээнд зан авир болон физиологийн тодорхой хариу өдөөдөг бодис байдаг. Харин бидний судалгаагаар илрүүлсэн нэгдлүүдийн төрөл зүйлд онцгой хамааралтай эсэхийг одоогоор дүгнэж чадахгүй” гэж Тохара тайлбарлав.
“Бид үндсэндээ зан авир болон физиологийн хариу үйлдлийг нь л ажигласан, тухайлбал стресс бууруулж, царайг үзэх сэтгэгдэл өөрчлөгдөж буйг.” Иймээс эдгээрийг “феромонтой төстэй нэгдэл” гэж нэрлэж болох ч одоогоор жинхэнэ феромон гэж батлах боломжгүй байна.
Ирээдүйн судалгааны чиглэл
Судалгааны баг цаашид илүү олон төрлийн оролцогчийг хамруулж, генийн онцлогоос шалтгаалах нөлөөг үгүйсгэхээр төлөвлөж байна. Мөн эдгээр үнэрт нэгдлүүд тархины сэтгэл хөдлөл болон хүлээн авахтай холбоотой хэсгүүдэд хэрхэн нөлөөлдөгийг илүү нарийвчилсан химийн шинжилгээгээр судална.
Ирээдүйд эдгээр нэгдлүүд хүний далд харилцааны талаарх сонирхолтой баримтуудыг илчлэх боломжтой. Биеийн үнэр хүний зан авирыг эрс өөрчлөхгүй байж болох ч бидний мэдрэмж, харилцаанд чимээгүйхэн нөлөөлж байж мэднэ.
Энэхүү судалгаа iScience сэтгүүлд нийтлэгдсэн.
Эх сурвалж: Earth.com