“Амрагчдын диваажин” фашист дэглэмийн дор
1958 онд Британий Томас Күүк аяллын товхимолд “Пиренейн өмнөд хэсэгт амрагчдын диваажин оршдог” хэмээн бичиж байсан нь Испанийн тухай байлаа. Гэхдээ тухайн үед улс орон Франциско Франкогийн фашист дэглэмийн дор байсан тухай дурдсангүй. 1975 онд Франко нас барах хүртэл Испани 40 орчим жил дарангуйлагчийн удирдлага дор байсан ч олон улсын аяллын зах зээл дээр “жуулчдын диваажин” гэсэн имижтэй хэвээр байв.
Өнөөдөр Испани жил бүр бараг 100 сая жуулчин хүлээн авдаг дэлхийн аялал жуулчлалын хоёр дахь том төв болсон.
“Испанийн гайхамшиг” ба аялал жуулчлалын тэсрэлт
1959-1974 онд гарсан эдийн засгийн асар хурдтай өсөлтийг “Испанийн гайхамшиг” хэмээн нэрлэдэг. Иргэний дайн болон олон улсын тусгаарлалтын дараах хомсдол, ажилгүйдлийн үеийг 1959 оны Тогтворжуулах төлөвлөгөө зогсоож, эдийн засгийг нээлттэй болгож, гадаад худалдаа, аялал жуулчлалыг дэмжив.
1950 онд нэг сая хүрэхгүй жуулчин ирдэг байсан бол 1975 он гэхэд энэ тоо 30 саяд хүрсэн. Эргийн хотууд, тэр дундаа Коста Бланка, Бенидорм зэрэг газрууд богино хугацаанд “Майами” шиг хөгжсөн нь тухайн үеийн хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.
Аялал жуулчлал, Эдийн засаг, суртал ухуулгын хэрэгсэл
Франкогийн дэглэм аялал жуулчлалыг улс төрийн зөөлөн хүчний хэрэгсэл болгон ашигласан. 1960-аад онд мэдээлэл, аялал жуулчлалын сайд Мануэль Фрага Ирибарне “Spain is different” (Испани өөр) гэсэн уриаг дэлхийд сурталчилж, орны соёл, уламжлалыг харуулахын зэрэгцээ дэглэмийн дүр төрхийг зөөлрүүлэхийг зорьсон. Гадаадын жуулчдын урсгал улс төрийн дарамтыг сааруулж, олон улсын тавцанд эерэг имиж бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байв.
Хилийн чанад дахь хүлээж авалт
1960-70-аад онд Испанид зочилсон олон жуулчин дэглэмийн хатуу хяналт, цагдаагийн хүчний сүр хүчтэй тулгарч байлаа. Гуардиа Сивил гэх цэрэгжсэн цагдаа зам дагуух хяналт, дүрэмт хувцас, зэвсэглэсэн байдал нь дарангуйллын бодит дүр төрхийг сануулдаг байсан. Зарим тохиолдолд жуулчид жижиг зөрчил гаргасныхаа төлөө саатуулагдаж, улмаар хоёр улсын хооронд дипломат маргаан үүсч байв.
“Цаг хугацааны машин” мэт Испани
Зарим аялагчдын хувьд Испанийн хуучны хотууд, дундад зууны архитектур, уламжлалт соёл нь “цаг хугацаагаар ухарсан” мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Гэвч бусад нь үүнийг ядуурал, хоцрогдлын илрэл гэж харж байлаа.

Ардчилалд шилжсэн дараах өөрчлөлт
Франкогийн нас барсны дараа Испани улс ардчилал, Европын интеграцид нэгдэж, аялал жуулчлал илүү хүртээмжтэй, хямд, найдвартай болсон. Гэсэн ч аялал жуулчлалын өсөлт орон нутгийн амьдралд дарамт учруулж байгаа тухай маргаан үргэлжилсээр. Барселона, Балеарын арлуудад жуулчдын эсрэг жагсаал, түрээсийн үнийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн спекуляци нь түүхэн төвүүдийг “сэдэвчилсэн парк” болгон хувиргаж байна гэсэн шүүмжлэл хүчтэй.
Франкогийн үлдээсэн өв
Аялал жуулчлал бол Франкогийн үеийн эдийн засгийн стратегийн нэг хэсэг байсан бөгөөд энэ өв нь өнөөг хүртэл Испанийн аялал жуулчлалын хөгжилд ул мөрөө үлдээсэн. Өнөөдөр Испани дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг улсын нэг хэвээр байгаа ч түүхэн өнгөрсөн, орчин үеийн сорилтууд хоорондоо зэрэгцэн оршсоор байна.
Эх сурвалж:
Spain Was Different: Tourism Under Franco
South of the Pyrenees lies the holidaymakers’ Utopia’, promised a 1958 Thomas Cook brochure: ‘a spectacular, flamboyant kingdom of the sun’. The kingdom was Spain, but the copywriter failed to mention that this particular ‘utopia’ also happened to be under the control of a fascist regime.