in

Динозавруудын мөхөл дэлхийн экосистемийг өөрчилжээ

Динозавруудын мөхөл дэлхийн экосистемийг өөрчилжээ

Динозаврууд Дэлхийн гадаргыг өөрчилсөн нь

66 сая жилийн өмнөх динозавруудын мөхөл зөвхөн аварга амьтдын ноёрхлын төгсгөл болоод зогсохгүй, дэлхийн экосистемийг бүхэлд нь өөрчилсөн байна. Тухайн үед болсон үйл явдлууд өнөөдөр ч бидний хөл дор буй чулуулгийн давхарга, гол мөрний урсгал, ой модны тархалтад ул мөрөө үлдээжээ.

Чулуулгийн өгүүлэмж

Геологичид удаан хугацаанд нэгэн сонирхолтой баримтыг ажиглаж ирсэн. Динозавруудын мөхөхөөс өмнөх чулуулгийн бүтцүүд дараах үеийнхээс эрс ялгаатай байв. Зарим нь энэ зөрүүг далайн түвшний хэлбэлзлээс шалтгаалсан гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь тохиолдлын зүйл хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч бодит шалтгаан тодорхойгүй байв.

Шинэ судалгааны үр дүн энэ нууцыг тайлж байна. Динозаврууд устсаны дараа ой модны хэмжээ эрс нэмэгдэж, экосистемд “ногоон хувьсгал” өрнөжээ. Энэ өөрчлөлт нь газар нутгийг тогтворжуулж, гол мөрний урсгалыг чиглүүлэн нарийсгаж, улмаар шинэ төрлийн чулуулгийн давхарга бий болгосон байна.

Монтанаас Вайоминг хүртэлх нотолгоо

Эрдэмтэд судалгаагаа АНУ-ын баруун нутгийн Монтана, Дакота, Вайоминг мужуудад төвлөрүүлжээ. Эдгээр газрын чулуулгийн давхарга нь дэлхийн түүхийн өдрийн тэмдэглэл мэт. Форт Юнион формацийн чулуулгуудыг судлахад, динозавруудын мөхлийн өмнөх давхарга нь тогтворгүй үерийн талбайг илтгэж байв. Харин дараагийн үеийн чулуулгууд цэгцтэй бүтэцтэй, өнгө нь тод ялгарах болжээ.

Өмнө нь энэ өөрчлөлтийг далайн түвшний хэлбэлзэлтэй холбон тайлбарлаж байсан ч, шинэ нотолгоо энэ таамгийг үгүйсгэж байна.

Астероидын мөргөлтийн ул мөр

Судалгааны багийнхан өөрчлөлтийн яг цаг хугацааг тогтоохын тулд нэг чухал үзүүлэлтийг хайв – иридиумын аномали. Иридиум нь дэлхий дээр ховор боловч астероидуудад түгээмэл тохиолддог элемент. Юкатан хойгт Чиксулубын астероид мөргөх үед дэлхий даяар иридиумын баялаг давхарга бий болсон бөгөөд энэ нь динозавруудын мөхлийн яг тэр мөчийг тэмдэглэдэг.

Вайомингийн Бигхорн сав газраас авсан дээжинд иридиумын аномали чулуулгийн бүтцийн өөрчлөлтийн яг тэр цэг дээр илэрсэн нь гол мөрний урсгал, ой модны тогтоц астероидын мөргөлтийн дараа тэр даруй өөрчлөгдсөнийг баталжээ.

Экосистемийн инженерүүдийн алга болохуй

Эрдэмтэд томоохон асуулт тавьжээ: динозаврууд экосистемийг хянадаг “инженерүүд” байсан байж болох уу? Зарим нь 70 тоннд хүрэх аварга биетэй тэд ургамлыг идэж, ой модыг хэт шигүү ургахаас сэргийлдэг байсан байж мэднэ. Тэдний үгүй болсноор ой мод чөлөөтэй тархаж, ландшафтыг өөрчлөх хүч болсон байна.

Орчин цагийн заанууд модыг унагаж, өвс ургамлын талбайг нээж, орчноо өөрчилдөгтэй адил, динозаврууд ч мөн экосистемдээ шууд нөлөө үзүүлж байсныг судалгааны дүгнэлт харуулж байна.

Өнөө цагт өгөх сургамж

Динозавруудын мөхлийг авчирсан астероидын мөргөлт нь дэлхийн амьдралд гэнэтийн, хүчтэй өөрчлөлт үүсгэж болохыг харуулсан тод жишээ юм. “К-Пг хил нь геологийн хувьд шууд өөрчлөлтийн нотолгоо. Өнөөдөр бидний хийж буй уур амьсгал, ландшафтын өөрчлөлт ч геологийн цаг хугацаагаар бол нүд ирмэхийн зуурт өрнөж байгаа хэрэг” хэмээн Мичиганы их сургуулийн палеонтологич Люк Уивер онцолжээ.

Энэхүү судалгаа Nature Communications Earth and Environment сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: earth.com

What do you think?

Байгальд алхах нь таны сэтгэл санаа, урам зоригийг өөрчилж чадна

Байгальд алхах нь таны сэтгэл санаа, урам зоригийг өөрчилж чадна

Ухаалаг нүдний шилний талаар ярилцах цаг ирлээ

Ухаалаг нүдний шилний талаар ярилцах цаг ирлээ