Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг өөрийн өдөр тутмын ажил, удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор хиймэл оюун ухааны (AI) туслах агент бүтээх төслийг нууцаар хэрэгжүүлж байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээллээ. Энэхүү технологи нь түүнд компанийн дотоод мэдээллийг олон шат дамжлагагүйгээр, шууд бөгөөд шуурхай олж авахад туслах зориулалттай ажээ.
Цукерберг өөрийн бүтээсэн технологидоо итгэж, түүнийгээ удирдлагын түвшний “орлогч” болгон ашиглаж байгаа нь технологийн салбарынхны анхаарлыг татаж байна. Meta компани нь 78,000 гаруй ажилтантай бөгөөд AI-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийх замаар компанийн бүтцийг цэгцэлж, бүтээмжийг шинэ шатанд гаргахыг эрмэлзэж байгаа юм. Үүний хүрээнд ажилчдын дунд хакатонууд зохион байгуулж, өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх AI хэрэгслүүдийг бүтээхийг уриалж байгаа төдийгүй ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээнд AI ашиглалтыг харгалзан үздэг болжээ.
Одоогоор тус компанийн ажилчид “My Claw” зэрэг AI агентуудыг хувийн нарийн бичгийн дарга мэт ашиглаж, ажлын файл удирдах, харилцаа холбоогоо зохицуулахад ашиглаж байна. Мөн “Second Brain” нэртэй систем нь баримт бичгийг хурдан шүүж, шаардлагатай асуултуудад хариулах чадвартай болоод байгаа юм.
Гэвч хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байна. Саяхан нэгэн инженер AI ашиглан гаргасан мэдээлэл нь алдаатай байснаас үүдэж, компанийн болон хэрэглэгчдийн чухал өгөгдөл алдагдсан тохиолдол гарчээ. Энэ нь хиймэл оюун ухааныг удирдах түвшинд нэвтрүүлэхэд аюулгүй байдал болон үнэн зөв мэдээллийн хяналт хамгийн чухал болохыг сануулж байна.

