АНУ-ын Юта муж улсын түүхэнд анх удаа хиймэл оюун ухааны систем эмчгүйгээр эмийн жорыг баталгаажуулах туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байна. Legion Health хэмээх компани энэ сараас эхлэн 12 сарын турш энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Уг хөтөлбөрт хамрагдсан иргэд сард 19 ам.долларын төлбөр төлж, хиймэл оюун ухаант чатботын тусламжтайгаар эмийн жороо сунгах боломжтой болох юм. Үүнд зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд эмийн тунд өөрчлөлт ороогүй, биеийн байдал нь тогтвортой өвчтөнүүд хамрагдах бөгөөд Прозак, Зофлофт, Веллбутрин, Лексапро зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн бага эрсдэлтэй 15 төрлийн эмийг чатботаар шинэчлэх боломжтой. Харин Adderall зэрэг тусгай хяналт шаардсан бодисууд энэ туршилтад багтаагүй байна.
Хөтөлбөрийн эхний шатанд 250 жорыг мэргэжлийн эмч хянах бөгөөд системийн баталгаажуулалтын нарийвчлал 98 хувьд хүрсний дараа хиймэл оюун ухаан бие даан жор бичих эрхтэй болох аж. Юта мужийн Худалдааны яамнаас мэдээлснээр тус мужийн олон бүс нутагт сэтгэл зүйн эмч дутагдалтай байгаагаас 500 мянга орчим оршин суугч эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа тул энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч аюулгүй байдлын шинжээчид үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн жил Doctronic компаниас хэрэгжүүлсэн ижил төстэй туршилтын үеэр хиймэл оюун ухаан вакцин болон опиоид эмийн тунг буруу тогтоох зэрэг ноцтой алдаа гаргаж байжээ. Мөн эмнэлгийн салбарт ашиглагдаж буй том хэлний загварууд нь кибер халдлагад өртөх эрсдэлтэй байгаа нь хяналтгүйгээр эм олгох хэрэгслийн хувьд томоохон асуудал юм.
Хиймэл оюун ухаан нь эмнэлгийн алдааг бууруулж, үйлчилгээг түргэсгэхэд тусалдаг нь судалгаагаар батлагдсан ч хүний хяналт зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Технологид хэт хараат байдал нь эмч нарын мэргэжлийн ур чадварыг бууруулах эрсдэлтэй бөгөөд сэтгэл зүйн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зөвхөн чатботыг шийдэл болгох нь эргэлзээтэй байгааг онцолжээ.

