Netflix компани хүүхдэд зориулсан тоглоомын салбарт томоохон алхам хийж, Netflix Playground нэртэй бие даасан шинэ аппликейшнээ танилцууллаа. Энэхүү аппликейшн нь найман нас болон түүнээс дош насны хүүхдүүдэд зориулсан тоглоом, интерактив үйл ажиллагаанд төвлөрөх бөгөөд Netflix-ийн бусад тоглоомуудын адил захиалгын үнэд багтсан, ямар нэгэн сурталчилгаа болон нэмэлт худалдан авалтгүйгээр ашиглах боломжтой юм.
Netflix Playground нь хүүхдүүдэд өөрсдийн дуртай хүүхэлдэйн киноны баатруудтайгаа харилцах боломжийг олгож байгаа бөгөөд анхны нээлтээр Peppa Pig, Sesame Street, Dr. Seuss’s The Sneetches зэрэг алдартай цувралууд дээр суурилсан тоглоомуудыг багтаажээ. Аппликейшны бүх тоглоомыг төхөөрөмж дээрээ татан авч, интернэтгүй орчинд тоглох боломжтой нь аялал зугаалгын үед нэн тохиромжтой. Мөн эцэг эхчүүдэд зориулсан хяналтын системтэй бөгөөд хүүхдийнхээ аль тоглоомыг илүү их тоглож байгааг хянах, багтаамжаа удирдах боломжийг олгож байгаа аж.
Уг аппликейшн нь одоогийн байдлаар АНУ, Их Британи, Канад, Австрали, Филиппин болон Шинэ Зеланд улсуудад iOS систем дээр нээлтээ хийгээд байна. Харин дэлхий даяар 2026 оны 4-р сарын 28-наас эхлэн Apple App Store болон Google Play Store-оор дамжуулан өргөнөөр нэвтэрч эхлэх юм. Компанийн зүгээс цаашид Gabby’s Dollhouse, My Little Pony, PAW Patrol зэрэг алдартай брэндүүдийн тоглоомуудыг энэ онд багтаан нэмж оруулахаар төлөвлөжээ.

