
Исламабадад өрнөсөн энх тайвны хэлэлцээ бүтэлгүйтсэн гол шалтгаан нь Хормузын хоолойн ирээдүй болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар талууд санал зөрөлдсөнтэй холбоотой аж. Ерөнхийлөгч Трамп Ираныг хэлэлцээнд эргэн орох эсэх нь хамаагүй гэдгийг мэдэгдсэн бол Тегеран тус усан замыг хянах эрхтэй бөгөөд нэвтэрч буй хөлөг онгоцуудаас хураамж авах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог дэлхийн хамгийн чухал тэнгисийн тээврийн зангилаа бөгөөд тус хоолойгоор өдөрт 20 сая баррель нефть буюу дэлхийн нийт хэрэглээний тавны нэг нь дамждаг. Мөн дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь эндээр тээвэрлэгддэг байна.

АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд саяхан тус хоолойд нэвтэрч, Ираны байршуулсан минануудыг цэвэрлэх ажиллагааг анх удаа явууллаа. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, дэлхий нийт эрчим хүчний маш хүнд хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд Хормузын хоолойн үйл ажиллагаа саатах нь дэлхийн эдийн засагт гүнзгий, удаан хугацааны сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг мэдэгджээ. Түүнчлэн энэхүү стратегийн гарцыг хаах нь эрчим хүчний хангамжид үлэмж хохирол учруулах эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.

