Стив Керр: NBA-д санаатайгаар хоигдох нь фенүүдэд таатай биш

NBA-д багуудын ялалт ба нууц стратеги

САН ФРАНЦИСКО — Энэ улиралд NBA-д багуудын ялалт, хожигдлын стратеги улам тодорхой болж, ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой шийдвэрүүд чухал байр суурь эзэлж байна. Ирэх драфтын хүчтэй анги ойртож буйтай зэрэгцэн зарим клубүүд богино хугацааны амжилтаас илүүтэйгээр урт хугацааны боломжоо нэмэгдүүлэхэд анхаарч эхэлжээ.

Юта Жазз, Мемфис Гриззлизээс Жарен Жэксон Жр.-г авсан ч Майами Хийт-ийн эсрэг тоглолтод түүнийг Лаури Маркканентай хамт талбайд гаргаагүй. Харин Мемфис Гриззлиз Голдэн Стэйт Уорриорст хожигдсон тоглолтод ч гол тоглогчдоо амраасан байна. Вашингтон Уизардс Трэ Янг, Энтони Дэвис нарыг багтаа нэгтгэсэн ч тэднийг талбайд гаргахад яарахгүй байгаа нь багийн стратегийг илтгэнэ.

Голдэн Стэйт Уорриорс-ийн ахлах дасгалжуулагч Стив Керр энэ улиралд багуудын ялалт, хожигдлын стратегийн талаар байр сууриа илэрхийлжээ.

“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол хожих, мөн тоглогчдын эрүүл мэндийг хамгаалах явдал” гэж Керр онцолсон байна.

Түүний хэлснээр, багуудын стратеги нь нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг бөгөөд драфтын өндөр сонголт нь клубийн ирээдүйн чиг хандлагыг үндсээр нь өөрчлөх хүчин зүйл болдог аж.

“Азтай драфтын сонголт багийн ирээдүйг бүрэн өөрчилж чадна. Стэфен Курри, Тим Дункан, Виктор Вембаняма зэрэг тоглогчид багийн түүхийг өөрчилсөн жишээ” хэмээн Керр хэлжээ.

Тэрээр “Плэй-Ин” тогтолцоо нэвтэрснээс хойш багуудын tank хийх буюу хожигдлыг стратеги болгох хандлага багассан мэт санагдаж байсан ч энэ улиралд байдал өөр байгааг дурдсан байна.

Мөн Керр Виктор Вембаняма болон Сан Антонио Спөрс-ийн эсрэг тоглолтын өмнө түүний талаар:

“Түүний биеийн бүтэц, ур чадварын хослол үнэхээр хосгүй” гэж үнэлжээ.

Түүнчлэн тэрээр Кристапс Порзингис Бостон Сэлтикстэй тоглолтод бүрэн бэлэн болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Порзингис сүүлийн хоёр улиралд эрүүл мэндийн асуудлаас болж тогтмол тоглох боломжгүй байсан ч Керр түүнийг эргэн ирэхэд бэлэн болсон гэж тэмдэглэжээ.

Дэлгэрэнгүй