Судлаачид HSV-1 вирус нь тархины дархлааны микрогли эсүүдийг өөрчлөн програмчилж, улмаар мэдрэлийн үрэвсэл үүсгэдэг болохыг тогтоосон байна.
PLOS Pathogens сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, херпес симплекс вирус (HSV-1) нь тархины дархлааг хариуцдаг микрогли эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж болохыг мэдээлжээ. University of Colorado Anschutz-ийн судлаач Кристи Нимейерийн тайлбарласнаар, вирус тархинд нэвтрэх үед эдгээр эсүүд хамгаалалтын горимд шилждэг бөгөөд энэ нь вирустэй тэмцэхэд туслах боловч вирусийн халдвар арилсны дараа ч хэвийн үүргээ гүйцэтгэх чадвар нь буурдаг байна.
Туршилтын хүрээнд хулганад HSV-1 халдварлуулж, зургаан хоногийн дараа тархины бүтцэд шинжилгээ хийжээ. Үр дүнд нь вирус тархины тодорхой хэсгүүдэд байршиж, тухайн бүс дэх микрогли эсүүдийн интерфероны дохиолол 30 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дархлааны эсүүд хэт идэвхжиж, тархины үхэжсэн эд эсийг цэвэрлэх, мэдрэлийн холбоосыг зохицуулах зэрэг үндсэн үүргээ орхигдуулахад хүргэж байгааг судлаачид онцолжээ.
Энэхүү дархлааны өөрчлөлт нь Альцгеймер зэрэг мэдрэлийн доройтлын өвчин үүсэх эрсдэлтэй холбоотой байж болзошгүйг судалгааны баг тайлбарлав. Гэсэн хэдий ч энэхүү үр дүн нь зөвхөн амьтны загвар дээр хийгдсэн тул хүн дээр ижил үр дагавар гарах эсэхийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.
<
