Голдэн Стэйт Уорриорс: Шинэ улиралд бэлэн үү?
Голдэн Стэйт Уорриорс энэ зуны солилцоо, наймааны цонх үеэр огт өөрчлөлт хийгээгүй цорын ганц NBA-ийн баг болж байна. Бусад өрсөлдөгчид бүрэлдэхүүнээ бэхжүүлж, аваргын төлөө илүү хүчтэй өрсөлдөхөөр зэхэж буй энэ үед Стеф Карри болон түүний багийн нөхдөд энэ нь таатай дохио биш. Ялангуяа Жонатан Кумингагийн гэрээний асуудал гацаанд орж, багийн цаашдын алхмыг удаашруулсан хэвээр байна. Талууд гэрээ сунгах эсвэл солилцооны талаар ойлголцож чадаагүй байгаа юм.
Харин Кумингагийн ирээдүй тодорхойгүй байгаа бол түүний хамтрагч Моузес Мүүди илүү тайван байна. Тэрээр өнгөрсөн улиралд гурван жилийн 39 сая ам.долларын сунгалтын гэрээнд гарын үсэг зурж, Стеф Карри, Дрэймонд Грийн, мөн өнгөрсөн хоёрдугаар сард багт нэгдсэн Жимми Батлерийн хамт Уорриорсын чухал хэсэг болж үлдсэн.
Мүүди саяхан Athletes & Assets подкастад оролцохдоо мэргэжлийн спортын талаарх туршлага, сургамжаа хуваалцсан бөгөөд түүний гол зөвлөгч нь Дрэймонд Грийн байжээ. Грийн түүнд гэрээний эхний жилд өмнөх шигээ хэмнэлттэй амьдрахыг зөвлөсөн бөгөөд “Эрт авсан мөнгө илүү үнэ цэнэтэй” гэсэн нь Мүүдигийн санхүүгийн төлөвлөлтөнд ихээхэн нөлөөлсөн байна.
Дрэймонд мөн зөвхөн тоглолт болон мөнгөний талаар бус, амьдралын талаар ч зөвлөгөө өгсөн нь сонирхолтой. Тэрээр Мүүдид Европт аялахыг зөвлөж, “Америкт бид ажиллахын тулд амьдардаг, харин Европт амьдрахын тулд ажилладаг” гэж хэлсэн нь залуу тоглогчид шинэ өнцөг, ухаарал төрүүлсэн байна.
Өнгөрсөн улиралд Моузес Мүүди 34 тоглолтод гарааны тавт гарч, дунджаар 22 минут тоглон хувийн бүх үзүүлэлтүүдээ ахиулсан. Тэрээр оноо, гурван онооны шидэлтийн хувь, дамжуулалтын тоогоор ч дээд амжилтаа шинэчилсэн. Подкастын үеэр тэр баруун гарын эрхий хурууны гэмтлээ эмчлүүлэх мэс засал хийлгэсэн талаар дурдсан бөгөөд шинэ улирал эхлэхэд бүрэн эрүүл байх төлөвтэй.
Ирэх улиралд Жонатан Кумингагийн асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдвэл Моузес Мүүди Уорриорсын амжилтад улам чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.
Эх сурвалж: