Амьдралын эхлэл рүү хөтлөх шинэ нээлт: Эрдэмтэд эртний уураг хэрхэн үүссэнийг тайлбарлалаа
Амьд организмд зайлшгүй шаардлагатай уураг нь эсийг нөхөн сэргээх, дархлааны үйл ажиллагааг дэмжих зэрэг олон чухал үүрэгтэй. Гэвч амьдрал эхлэхээс өмнө эдгээр нарийн төвөгтэй молекулууд хэрхэн үүссэн талаарх асуулт олон арван жилийн турш нээлттэй байсаар ирсэн. Харин одоо судлаачид анхны уураг хэрхэн бий болсон талаарх шинэ тайлбарыг санал болгож байна.
Энгийн орчинд явагдсан уураг үүсэх урвал
Их Британийн University College London-ийн профессор Мэтью Пауэрын удирдсан судалгааны баг анхны уургууд маш энгийн, усанд ээлтэй нөхцөлд үүсч болохыг туршилтаар нотолжээ. РНХ молекул нь генетикийн мэдээлэл хадгалах, дамжуулахын сацуу амин хүчлүүдтэй холбоо үүсгэж, фермент шаардалгүйгээр уураг үүсгэх боломжтой байсныг тэд илрүүлсэн байна.
Энэхүү урвал нь РНХ-ийн давхар гинжний төгсгөлд явагддаг бөгөөд ингэснээр санамсаргүй, хэрэггүй химийн урвалаас сэргийлэх боломжтой гэж тэд тайлбарлажээ.
Хүхрийн нэгдлүүдийн чухал үүрэг
Судлаачид амьдрал үүсэхээс өмнө хүхэр агуулсан тиоэстерүүд байж, тэдгээр нь уураг үүсэхэд шаардлагатай химийн урвалд оролцож байсан гэж үзэж байна. Өмнөх судалгаанууд Коэнзим А-ийн хэсэг болох пантетейн нь ч усан орчинд өөрөө үүсч болохыг харуулж байсан юм.
Энэ нь эртний Дэлхий дээр амин хүчлүүд уурагт шилжихэд шаардлагатай химийн орчин байгааг дэмжиж байна.
Пептидийн гинж үүсэх нь уураг руу дөхсөн алхам
Судалгааны баг амин хүчлүүдийг РНХ-д холбож, богино гинжин пептид буюу пептидил РНХ үүсгэх шат дарааллыг илрүүлжээ. Энэ процесс нь уураг төст молекул үүсэх эхний чухал алхам гэж үзэж байна.
Мөн энэ урвал төвийг сахисан рН бүхий усан орчинд явагддаг нь далайн эрэг, нуур, мөсөн гадаргуу зэрэг байгалийн энгийн орчин амьдрал үүсэхэд тохиромжтой байсныг илтгэж байна.
Амьдралын эх үүсвэрт хөтлөх химийн нээлт
Орчин үеийн эсүүд уургуудыг рибосомоор дамжуулан үүсгэдэг бол шинэ судалгаа нь амьдрал эхлэхээс өмнөх үед РНХ хэрхэн амин хүчлүүдтэй холбогдож, уурагтай төстэй бүтцүүдийг бий болгож байсныг харуулж байна.
Энэхүү нээлт нь “тахиа уу, өндөг үү?” гэх мэтчилэн биологийн үүсэлтэй холбоотой маргаантай асуултанд хариу өгөх нэг алхам болж магадгүй.
Судалгааны үр дүн Nature сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд амьдралын үүсэлтэй холбоотой шинжлэх ухааны салбарт томоохон ахиц дэвшил авчирч байна.
Эх сурвалж: Earth.com