Хятадын Кибер орон зайн удирдлагын газар (CAC) хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн дижитал дүрүүд буюу “дижитал хүмүүс”-ийг зохицуулах шинэ журмын төслийг боловсруулж байна. Энэхүү зохицуулалт нь хиймэл оюун ухааны технологиос үүдэлтэй нийгмийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Шинэ журмын дагуу хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн аливаа дүрстэй контентыг заавал “дижитал хүн” гэж тусгайлан шошголох шаардлагатай болно. Мөн хүүхдэд сэтгэл зүйн хор хөнөөл учруулах, технологийн хамаарал буюу донтох байдалд хүргэж болзошгүй програмуудыг хатуу хориглохоор тусгажээ.
Ялангуяа AI-тай “виртуал ойр дотно харилцаа” тогтоох үйлчилгээг 18 хүртэлх насны хүүхэд, залуучуудад үзүүлэхийг бүрэн хориглох заалт орсон байна. Үүнээс гадна бодит хүний дүр төрхийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан зохиомол дүр бүтээхийг хатуу хязгаарлаж байгаа бөгөөд хэн ч бусдын зөвшөөрөлгүйгээр тэдний дижитал хуулбарыг үүсгэх эрхгүй болох юм.
Энэхүү журмын төсөл ирэх тавдугаар сарын 6-ныг хүртэл олон нийтийн хэлэлцүүлгийн шатанд байх бөгөөд үүний дараа албан ёсоор батлагдан хэрэгжиж эхэлнэ.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын энэхүү алхам нь АНУ-ын нөхцөл байдалтай эрс тэс ялгаатай байна. АНУ-д хиймэл оюун ухааны зохиомол дүрүүдээс үүдэлтэй сэтгэл зүйн хохирол, эмгэнэлт явдлууд гарсаар байгаа ч холбооны түвшний нэгдсэн зохицуулалт удаашралтай байгаа юм. Харин Хятад улс технологийн хурдацтай хөгжлийг дагасан хууль эрх зүйн орчныг түрүүлж бүрдүүлэхийг зорьж байна.

