Meta компани Ray-Ban брэндтэй хамтран гаргасан ухаалаг нүдний шилэндээ хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хоол тэжээл хянах шинэ функцийг нэмж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдийн идэж буй хоолыг дүрсээр таньж, шим тэжээлийн агууламжийг нь автоматаар тодорхойлох зориулалттай юм.
Хэрэглэгчид дуут команд өгөх эсвэл зураг авах замаар хоолны дэглэмээ нүдний шилэндээ бүртгүүлэх боломжтой. Meta AI нь тухайн хоолыг таньж, илчлэг болон үндсэн шим тэжээлийн мэдээллийг гарган Meta AI аппликейшнд хадгалах аж. Ингэснээр хэрэглэгчид өөрийн идэж буй зүйлдээ үндэслэн “Эрч хүчээ нэмэхийн тулд одоо юу идэх вэ?” гэх мэт хувийн зөвлөгөөг хиймэл оюунаас авах боломж бүрдэнэ.
Meta-гийн үзэж буйгаар энэхүү автомат бүртгэлийн систем нь хэрэглэгчдэд хоолны тэмдэглэл хөтлөх хүндрэлийг хөнгөвчилж, эрүүл мэнддээ илүү ухаалгаар анхаарахад туслах гэнэ. Гэвч энэ алхам нь шүүмжлэгчдийн зүгээс багагүй болгоомжлол дагуулаад байна.
Шүүмжлэгчид энэхүү технологийг хоолны эмгэгтэй хүмүүст сөргөөр нөлөөлж, хоол идэх зуршилд хэт хяналт тогтоох замаар сэтгэл зүйн дарамт үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн хиймэл оюун ухаан хоолны найрлага, порцын хэмжээг үргэлж алдаагүй тодорхойлж чадахгүй тул буруу зөвлөгөө өгөх аюултайг анхааруулжээ. Өмнө нь зарим AI чатботууд залууст хоолны дэглэмийн талаар буруу мэдээлэл өгч байсан тохиолдлууд гарч байсан юм.
Meta компани эрсдэлийг тооцож үзсэний үндсэн дээр энэхүү шинэ боломжийг энэ зун АНУ-д зөвхөн 18-аас дээш насны хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус компани шинэ технологийнхоо нийгэм болон хувь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байгаагийн илрэл юм.

