“Breaking Bad” цуврал дууссанаас хойш олон жил өнгөрсөн ч гол дүр Уолтер Уайтын эхнэр Скайлерын дүрийг тойрсон маргаан тасрахгүй байна. Сонирхолтой нь, “Malcolm in the Middle” цувралд Брайан Крэнстонтой хамт тоглож байсан жүжигчин Фрэнки Муниз хүртэл Скайлерын дүрийг үзэн яддаг байснаа нуугаагүй юм. Тэрээр “Би цувралыг үзэх дуртай байсан ч Уолтерт туслахын тулд Скайлерыг алчихмаар санагддаг байсан” хэмээн хэлж байжээ.
Үүний хариуд Уолтер Уайтын дүрийг домог болгосон жүжигчин Брайан Крэнстон дүрийнхээ эхнэрийг өмгөөлсөн юм. Тэрээр “Нөхөр нь ямар ч тайлбаргүйгээр гэрээ орхиж яваад, цаанаа кристалл метамфетамин үйлдвэрлэж, хүмүүсийн амь насанд аюул учруулж эхэлсэн. Энэ үед жирэмсэн үлдсэн Скайлер яагаад муу хүн гэж? Хүмүүс нөхцөл байдлыг бодитоор харах хэрэгтэй” хэмээн өөрийн гайхшралаа илэрхийлжээ.
Скайлер Уайтын дүрийг бүтээсэн жүжигчин Анна Ганн цувралын туршид үзэгчдээс асар их дарамт, шүүмжлэл, бүр заналхийлэл хүртэж байсан гашуун түүхтэй. Крэнстон жүжигчнийг бүтээсэн дүрээр нь шүүж, үзэн ядах нь ёс зүйгүй бөгөөд утгагүй зүйл гэдгийг дахин дахин онцолсоор ирсэн.
“Breaking Bad” цувралыг жинхэнэ утгаар нь ойлгохын тулд Скайлер бол ёс суртахууны чиг баримжаагаа хадгалах гэж тэмцэж буй, гэр бүлийнхээ төлөө хамгийн хүнд стрессийг туулж байгаа дүр гэдгийг харах ёстой. Харамсалтай нь, зарим үзэгчид Уолтер Уайтын “анти-баатарлаг” үйлдлүүдэд хэт автсандаа Скайлерыг тэдний хүссэн адал явдалд саад болж буй “төвөгтэй эмэгтэй” гэж өрөөсгөлөөр дүгнэсээр байна. Скайлер Уайтын дүр бол гэмт хэргийн ертөнцийн золиос болсон жирийн нэгэн гэр бүлийн бодит тусгал билээ.

