Берклийн хөгжмийн академийн 400 гаруй оюутан хиймэл оюун ухаанаар (AI) хөгжим зохиох шинэ хичээлийн эсрэг онлайн гарын үсэг цуглуулж эхэллээ. Оюутнууд хиймэл оюун ухаан нь уран бүтээлчдийн ажлын байрыг булааж, урлагийн салбарын мөн чанарыг үгүй хийж байна хэмээн үзэж байна.
“AI ба дууны ирээдүй” нэртэй тус хоёр кредит цагийн хичээл нь OpenAI-гийн ChatGPT зэрэг платформуудыг ашиглан хөгжим бүтээхэд суралцуулах зорилготой юм. Оюутнууд энэхүү хичээлийг эсэргүүцэж, академийн зүгээс хиймэл оюун ухааныг дэмжсэнээр уран бүтээлчдийн эрх ашгийг хохироож байна гэж шүүмжилжээ.
Харин академийн зүгээс “Бид орчин үеийн хөгжим, урлагийн боловсролын тэргүүнд яваа байгууллага болохын хувьд бүтээлч салбарт нөлөөлж буй технологиудыг оюутнууддаа зааж сургах үүрэгтэй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Гэсэн хэдий ч оюутнууд энэхүү хариултыг хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд тэдний санаа зовнилыг арилгаж чадахгүй байгааг илэрхийлжээ.

