“Арсенал” болон “Ювентус” клубийн хаалгач асан Алекс Маннингер эх орондоо буюу Австри улсад зам тээврийн ослоор харамсалтайгаар амиа алдсаныг түүний анхны баг болох “Ред Булл Зальцбург” клуб албан ёсоор мэдээллээ.
Пүрэв гарагт тус клуб өөрийн албан ёсны X хуудсаараа дамжуулан “Бид зам тээврийн ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн өөрийн багийн хаалгач асан Александр Маннингерийн төлөө эмгэнэн гашуудаж байна. Бидний сэтгэл зүрх түүний гэр бүл, найз нөхөдтэй хамт байна. Амгалан нойрс доо, Александр” хэмээн нийтэлжээ.
“Kronen Zeitung” болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Маннингерийн жолоодож явсан автомашин Зальцбург хотын ойролцоох хамгаалалтгүй төмөр замын гармаар гарах үедээ зорчигч тээврийн галт тэргэнд мөргүүлсэн байна.
Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 33 тоглолт хийсэн Маннингер 1997 оны 6-р сард “Грацер АК” багаас 500,000 фунт стерлингээр “Арсенал”-д нэгдэж байв. Тэрээр Арсен Венгерийн удирдлага дор таван жилийн хугацаанд 64 тоглолтод оролцож, Премьер лигийн аварга болж байсан түүхтэй. Тэрээр карьерынхаа туршид Италийн “Торино”, “Болонья”, “Сиена”, “Ювентус”, Германы “Аугсбург” болон Английн “Ливерпүүл” клубт хүчин зүтгэж явсан туршлагатай тамирчин байлаа.
Австрийн хөлбөмбөгийн холбоо мөн түүний араас эмгэнэл илэрхийлж, түүнийг “гайхалтай” элч төлөөлөгч байсныг онцлов. Холбооны спортын захирал Петер Шөттель “Александр Маннингер бол талбай дээр болон талбайн гадна Австрийн хөлбөмбөгийн шилдэг элч байсан. Түүний олон улсын карьер, мэргэжлийн түвшин, найдвартай байдал нь олон залуу хаалгачдад үлгэр дуурайлал болж чадсан юм. Түүний гаргасан амжилтууд хамгийн дээд хүндэтгэлийг хүртэх эрхтэй бөгөөд хэзээ ч мартагдахгүй” хэмээн дурсжээ.
Хөлбөмбөгийн ертөнц түүний гэр бүл болон ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

