HBO Max сувгийн алдартай эмнэлгийн драм болох “The Pitt” цувралын хоёрдугаар улирал өндөрлөж буй энэ үед үзэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Шинэ ангиудыг хүлээх хугацаа таны бодож байгаагаас ч богино байх бололтой.
“The Pitt” цувралын гуравдугаар улирлын зураг авалт ирэх зургадугаар сард эхлэхээр товлогджээ. Цувралын өмнөх улирлуудын нээлтийн хугацааг харвал (анхны улирал 2025 оны 1-р сарын 9, хоёрдугаар улирал 2026 оны 1-р сарын 8), шинэ улирал 2027 оны 1-р сарын эхээр үзэгчдийн хүртээл болох өндөр магадлалтай байна.
Шинэ улиралд юу хүлээж байна вэ?
Цувралын гол дүр болон гүйцэтгэх продюсер Ноа Вайл “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гуравдугаар улиралд цаг хугацааны үсрэлт хийгдэх боловч энэ нь өмнөх улирлуудынх шиг том хэмжээнийх байхгүй гэдгийг онцолжээ. Харин үүний оронд улирлын өөрчлөлттэй холбоотой эмнэлгийн өвөрмөц тохиолдлуудыг илүү нарийвчлан харуулахыг зорьж байгаа аж.
“The Pitt” мөнхөд үргэлжлэх боломжтой
Ноа Вайл мөн “The Hollywood Reporter” сэтгүүлд ярихдаа уг цувралыг дуусгах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, тэдэнд тулгардаг бодит сорилтуудыг харуулах нь үргэлж сонирхолтой байдаг тул энэ цуврал зогсолтгүй үргэлжлэх бүрэн боломжтой” хэмээн онцолсон байна. Питтсбург хотын эмнэлгийн амьдралыг харуулсан уг бүтээл нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хүндрэл бэрхшээлийг хамгийн бодитойгоор харуулж буй цувралуудын нэгт тооцогдож байна.

