АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар Израиль болон Ливаны хооронд байгуулсан 10 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Трамп энэ үйл явдлыг “Ливаны хувьд түүхэн өдөр” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү түр зогсолт нь АНУ, Иран, Израиль хоорондын олон долоо хоног үргэлжилсэн дайныг эцэслэх том алхам болно гэж үзэж байна.
Гэвч хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хэдхэн цагийн дараа Ливаны арми Израилийн зүгээс хэлэлцээрийг хэд хэдэн удаа зөрчиж, хилийн ойролцоох тосгодыг буудсан тухай мэдээлсэн нь нөхцөл байдал эмзэг хэвээр байгааг харууллаа.
Энэ хооронд Пакистаны армийн жанжин Асим Мунир Тегеран хотноо айлчилж, Ираны удирдлагуудтай уулзах үеэр АНУ болон Иран улсууд цөмийн асуудал болон дайныг зогсоох эцсийн хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа тухай мэдээлэл гарчээ. Ерөнхийлөгч Трамп Иран улс эрчимжүүлсэн уранаа шилжүүлэн өгөхөөр зөвшөөрснийг онцлоод, энэ долоо хоногт болох хэлэлцээрээр Хормузын хоолойг нээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтойг дурдсан байна.
Хормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямралыг намжаахын тулд Франц, Их Британийн удирдагчид Парист 40 орныг хамарсан олон улсын хурлыг зохион байгуулж, усан замын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ.

