Sony компани шинэ дээд зэрэглэлийн ухаалаг гар утас болох Xperia 1 VII-оо албан ёсоор танилцууллаа. Энэхүү загвар нь компанийн уламжлалт чиг хандлагад яг тохирч байгаа бөгөөд танил загвар, өөрийнх нь бусад брэндийн техник хангамж зэргийг нэгтгэсэн технологи, өндөр үнэ зэрэг нь үүнийг илтгэнэ.
Сүүлийн жилүүдэд Sony-гийн ухаалаг гар утаснууд зах зээл дээрх нийтлэг чиг хандлагаас илүүтэйгээр хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурласан шийдлүүдийг санал болгодог болсон. Жишээлбэл, microSD картны оролт, чихэвчний оролт зэрэг уламжлалт боломжуудыг хадгалсан хэвээр байгаа. Мөн Alpha камер болон Bravia телевизийн багуудын мэдлэг, туршлагыг Xperia утасны хөгжүүлэлтэд нэгтгэсээр ирсэн бол энэ удаа Walkman багийг ч нэмснээр аудио тал дээр шинэчлэл хийжээ.
Камерын хувьд гол шинэчлэл нь Alpha багийн AI-д суурилсан автомат хүрээ засварлагч функц бөгөөд энэ нь хүний дүрсийг таньж, бичлэгийг тухайн хүнийг төвд байлгах байдлаар автоматаар хянан тайрдаг (гэхдээ тайралтаас шалтгаалан нягтрал Full HD болж буурдаг). Харин техник хангамжийн хувьд, өмнөх загварт сул тал болж байсан өргөн өнцөгтэй камерийг энэ удаа хоёр дахин том мэдрэгчтэй 48 мегапикселийн хувилбараар сольсон нь гол сайжруулалт болж байна. Үндсэн камер болон хувьсах фокусын телефото линзүүд харин өмнөх загварынхтайгаа адил үлдсэн байна.
Дууны хувьд, Sony-гийн орчин үеийн Walkman аудио тоглуулагчдаас өндөр чанарын бүрэлдэхүүн хэсгүүдийг энэхүү утсанд шингээсэн бөгөөд чихэвчний оролтод хүртэл илүү чанартай гагнуур ашигласан байна. Мөн хиймэл оюунд суурилсан DSEE Ultimate дууны нарийвчлал нэмэгдүүлэх технологи, Hi-Res, LDAC, Dolby Atmos формат дэмжигдэж байгаа бөгөөд стерео чанга яригч нь бас илүү хүчтэй басс дуугаралттай болсон.
Bravia дэлгэцийн хэлтсээс авсан гол шинэчлэл нь илүү ухаалаг гэрэлд дасан зохицох чадвартай 6.5 инчийн OLED дэлгэц юм. Утасны урд болон ар талд байрласан гэрэл мэдрэгчүүд нь орчны гэрэлтүүлгийг илүү нарийвчлан хэмжиж, тод байдал, өнгөний хүрээ, өнгөний температур зэргийг автоматаар тохируулдаг болсон.
Үндсэн техникийн үзүүлэлтүүдийн хувьд онцгой гэнэтийн зүйл алга. Шинэ Xperia 1 VII нь Snapdragon 8 Elite чиптэй, 12GB RAM, 256GB багтаамжтай бөгөөд microSD картаар 2TB хүртэл нэмэх боломжтой. IP65 / 68 ус, тоосны хамгаалалттай, утасгүй цэнэглэлтийг дэмждэг, 5,000mAh багтаамжтай батарейтай. Сул тал нь үйлдлийн системийн шинэчлэл дөрвөн жил, аюулгүй байдлын нөхөөс зургаан жил хийгдэхээр төлөвлөгдсөн нь Samsung, Google-ийн санал болгож буй хугацаанаас богино байна.
Xperia 1 VII-ийн хувьд өмнөх загвартайгаа ижил нэг зүйл бий. АНУ-д худалдаанд гарах төлөвгүй байна. Харин Их Британи болон Европт өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой болсон бөгөөд үнэ нь £1,399 / €1,499 (ойролцоогоор $1,700 буюу 5.8 сая төгрөг орчим) байна.
theverge.com/