Ауди компанийн шинэ концепт загвар: Ирээдүйн спорт автомашины чиг хандлага
Ауди компани ирээдүйн тансаг спорт автомашины чиг хандлагыг тодорхойлох шинэ бүтээлээ танилцууллаа. Цахилгаан хөдөлгүүртэй энэхүү Концепт C загвар нь зөвхөн загварын төдийгүй дотоод удирдлагын цоо шинэ философийг шингээсэн ухаалаг шийдлүүдээрээ онцлог юм. Энэ нь одоогийн Ауди загваруудаас эрс ялгарч, компанийн ирээдүйн хөгжлийн өнгө аясыг тодорхойлж байна.
TT болон R8 хэмээх домогт загваруудын үйлдвэрлэл зогссоны дараахан энэхүү шинэ концепт нь спорт автомашинд дурлагсдад зориулсан шинэ сонголт болон мэндэлж байгаа нь онцгой ач холбогдолтой. Концепт C-ийн хамгийн сонирхолтой таван онцлогийг танд хүргэе.
Ирээдүйн дүр төрхийг илэрхийлсэн нүүр царай

Гэрлийн хоёр талаар байрласан шинэ босоо хүрээнүүд нь дизайны цоо шинэ шийдлийг илэрхийлнэ. Цахилгаан автомашин учраас уламжлалт хөргөлтийн сараалжийг халж, нарийн, урт хүрээтэй нүүр хэсгийг бүрдүүлжээ. Энэхүү шийдэл нь 1936 оны Auto Union Type C, гурав дахь үеийн Audi A6 загваруудаас сэдэл авсан гэдэг нь илт.
Гадаад төрхийн хувьд зарим шүүмжлэгчид Jaguar Type 00 концепттой харьцуулж магадгүй ч, Концепт C нь Ауди-гийн өвөрмөц философи, ирээдүйд чиглэсэн зорилгыг илүү хүчтэй илэрхийлж байна.
Цахилгаан дээвэртэй, шинэлэг арын хэсэг

Ауди-ийн арын хэсэгт илүү их шинэчлэл харагдаж байна. Энэ нь Ауди-ийн анхны цахилгаан татагддаг хатуу дээвэртэй замын автомашин юм. Хаалттай үед уламжлалт арын цонх байхгүй тул үйлдвэрлэлд орвол дижитал арын толь хэрэгтэй болно.
Гурван хавтан цахилгаан хөдөлгөөнөөр эхэлж, нээгдэх үед Концепт C нь бүрэн кабриолет биш харин тарга загвартай төстэй болж хувирдаг. Энэ нь нээлттэй агаарт явах мэдрэмжийг өгдөг боловч илүү битүү орчинтой байдаг.
Технологийг хэтрүүлэлгүй, энгийн байдлыг эрхэмлэсэн интерьер

Концепт C нь орчин үеийн олон Ауди загваруудаас интерьерийн философиороо эрс ялгардаг. Хэрэглэгчдийг дэлгэц, мэдрэгчээр “бөмбөгдөх” оролдлого хийдэг өнөөгийн автомашинуудын жишгийг дагахын оронд, энэ загвар хэрэгтэй үед л ил гарч ирдэг эвхэгддэг төв дэлгэцтэй. 10.4 инчийн хэмжээтэй энэхүү дэлгэц нь илүү том, хэт мэдрэгчтэй дэлгэцүүдээс татгалзсан даруухан шийдэл юм.
Энэхүү хандлага нь Ауди-гийн “даруухан технологи” гэх шинэ чиглэлийн нэг хэсэг бөгөөд технологи нь жолоочийн туршлагыг дэмжих боловч хэзээ ч давамгайлах ёсгүй гэсэн зарчимд тулгуурлажээ. Үүний жишээ болгож утасгүй цэнэглэгч хэсгийн автомат тагийг дурдаж болно, ашиглаагүй үед уг хэсэг хаагдсанаар цэмцгэр, нягт орчин бүрдүүлдэг.
Жолоочийн дижитал кластер нь хувирч өөрчлөгдөх харагдах байдалтай хэдий ч хэт технологич сэтгэгдэл төрүүлэхгүй, илүү тухтай, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Мөн зорчигчийн талд дэлгэц байрлуулахын оронд, зөөлөн гэрэлтүүлэгтэй, практик тавиур бүхий цэвэрхэн орон зай гаргаж өгсөн нь дизайны ухаалаг шийдэл болжээ. Энэ бүхнээс харахад Концепт C нь технологийг дээдэлдэг ч, хүний мэдрэмжийг тэргүүнд тавьсан ухаалаг интерьерийн жишээ болж байна.
Жинхэнэ мэдрэмжийг сэргээсэн товчлуурууд

Ауди компанийн хувьд мэдрэгч дэлгэц, виртуал удирдлагууд интерьерт ноёрхохын хэрээр жинхэнэ товшилтын мэдрэмж, жолоочийн гараар мэдрэгдэх ухаалаг шийдлүүд аажмаар хойш тавигдах болсон. Гэвч Концепт C загвар нь энэ чиг хандлагад эсрэг хариулт өгч, хэрэглэгчийн таашаал, дотно мэдрэмжийг сэргээх алхам хийжээ.
Интерьер нь аноджуулсан хөнгөн цагаанаар хийсэн хэд хэдэн физик удирдлагатай бөгөөд эдгээр нь Ауди-гийн алдарт “товшилтын мэдрэмжийг” буюу “Audi click” хэмээх онцгой чанарыг дахин мэдрүүлдэг. Жолооны хүрдний товчлуурууд ч ялгаагүй—бат бөх, ухаалаг хийцтэй бөгөөд гялгар хар хуванцарын оронд хөнгөн цагаан өнгөлгөөтэй учраас сэтгэлд нийцэх даруу, тайван уур амьсгалыг бүрдүүлнэ.
Ауди-ийн зорилго бол технологийг мэдрэмжээр баяжуулах явдал гэдгийг энэ шийдлүүд тодхон харуулж байна. Концепт C нь орчин үеийн инновац ба уламжлалт механик мэдрэмжийг хослуулсан шинэ үеийн жишиг болж байна.
Жинхэнэ брэндийн мэдрэмжийг сэргээсэн жижиг деталууд

Мэдрэмж, чанар хоёрын тэнцвэрийг хадгалах үүднээс Ауди компани жолооны хүрдэндээ бодит, гарч ирдэг 3D цагираг бүхий логог дахин танилцуулжээ. Сүүлийн жилүүдэд хэрэглэж ирсэн хавтгай лого нь технологийн дэвшлийг илэрхийлдэг ч, зарим хэрэглэгчдийн хувьд хямдхан харагддаг, сэтгэлд хүрдэггүй байсан нь нууц биш. Харин Концепт C-д ашигласан жолооны хүрдний загвар нь Ауди-гийн хуучны, уламжлалт загваруудыг санагдуулам бөгөөд дугуй хэлбэртэй төв хэсэг нь жолоодлогын мэдрэмжийг илүү бодитой, дотно болгодог.
Гадна дизайны хувьд ч Ауди брэндийн үндэс рүүгээ буцаж иржээ. Урд болон хойд хэсэгт байрласан сонгодог мөнгөн өнгийн Ауди цагирагууд нь хавтгай, 2D эффектээс татгалзаж, мэдрэгдэхүйц гүнзгий сийлбэртэй хийцтэй болжээ. Энэ нь зөвхөн гадаад үзэмжийн тухай бус, харин компанийн жижиг зүйлд хүртэл анхаардаг хандлагын илэрхийлэл юм.
Эдгээр жижиг, гүн утгатай өөрчлөлтүүд нь Концепт C-ийг зүгээр нэг концепт машин биш, харин Ауди-гийн мөн чанарыг орчин үеийн хэлээр өгүүлсэн шинэ түүх болгож чаджээ.
Ауди дахин өөрийгөө эрэлхийлж байна

Ауди компани Концепт C загварынхаа хөтлөх систем, техникийн нарийн үзүүлэлтүүдийг одоогоор дэлгээгүй ч, цахилгаан хувилбар гэдгээс гадна ирээдүйд бензин хөдөлгүүртэй загвар гарах боломжтой гэсэн дохиог өгөөд байна.
Шинэ нүүр царай, дизайн нь зарим хэрэглэгчдэд анхны харцаар хүлээж авахад амаргүй санагдаж болох ч, Концепт C нь Ауди-гийн үндэс рүүгээ эргэн очсон алхам бөгөөд технологийн хэт хамаарлаас ангид, жолооч төвтэй философи руу чиглэж байгааг тод харуулж байна. Дотоод засал нь хязгаарлагдмал ч өндөр чанартай хийц, анхаарал сарниулах зүйлсийг багасгах ухаалаг шийдлүүд нь энэхүү концептийг илүү нягт, элегант болгожээ.
Татагддаг дээврийн систем нь Концепт C-д бүтээлч, цоо шинэ хэмжээс нэмж, Ауди-г Porsche 911 Targa зэрэг тансаг спорт загваруудтай шууд өрсөлдөх боломжтой болгож байна. Гэхдээ энэ боломжийг бодит амжилт болгохын тулд үйлдвэрлэлийн загварын үнэ ямар төвшинд тогтох нь чухал юм.
Одоогоор Концепт C бол ирээдүйн урьдчилсан зурвас хэвээр байгаа ч, үйлдвэрлэлийн хувилбар нь ойртож буйг илтгэх дохио аль хэдийнэ харагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй цацагдах нь дамжиггүй ба Ауди үнэхээр шинэ эринд хөл тавьж байна.
Эх сурвалж: autoblog.com