Одоогийн байдлаар дэлхийн хиймэл оюун ухааны (AI) системийн дийлэнх нь Nvidia-гийн техник хангамж дээр суурилан ажиллаж байгаа бөгөөд энэ нь тус компанийг 4 их наяд ам.доллараас давсан зах зээлийн үнэлгээтэй болоход гол нөлөө үзүүлсэн юм. Nvidia-гийн амжилтын гол нууц нь зөвхөн хүчирхэг чип биш, харин тэдгээр чипүүд дээр кодыг хамгийн үр дүнтэй ажиллуулахад зориулагдсан програм хангамжийн цогц экосистемд байдаг. Гэвч “Wafer” хэмээх шинэ стартап энэхүү давуу талыг өөрчлөхөөр ажиллаж байна.
“Wafer” компани тодорхой нэг цахиуран дээр код хэрхэн хамгийн үр ашигтай ажиллахыг оновчтой болгох буюу “kernel code” бичих ажлыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлэхээр сургаж байна. Гүйцэтгэх захирал Эмилио Андерэгийн хэлснээр, тэд нээлттэй эх үүсвэрийн загваруудыг reinforcement learning аргаар сургаж, техник хангамжтай шууд харьцдаг код бичих чадвартай болгож байгаа аж. Мөн Anthropic-ийн Claude болон OpenAI-ийн GPT зэрэг загваруудад тусгай “agentic harnesses” нэмж, чип дээр шууд ажиллах кодыг оновчтой болгох чадварыг нь сайжруулж байна.
Өнөөдөр Apple, Google, Amazon, Meta зэрэг технологийн гигантууд өөрсдийн “custom silicon” буюу захиалгат чипүүдийг бүтээх болсон. Гэвч эдгээр чипүүдийг хэвийн ажиллуулахын тулд асар их хэмжээний код бичих шаардлагатай байдаг нь Nvidia-гаас татгалзахад саад болдог. Жишээлбэл, Anthropic компани Amazon-ы Trainium чип дээр загваруудаа ажиллуулахын тулд кодыг бүхэлд нь дахин бичих шаардлагатай болсон байна. Хэрэв хиймэл оюун ухаан өөрөө энэ кодыг бичиж чаддаг болвол Nvidia-гийн програм хангамжийн давуу тал утгаа алдах юм.
“Wafer” компани аль хэдийн AMD, Amazon зэрэг компаниудтай хамтран тэдний техник хангамжид зориулсан програм хангамжийг оновчтой болгоход тусалж эхэлжээ. Тус стартап нь Google-ийн Жефф Дин, OpenAI-ийн Войцех Заремба зэрэг салбарын нөлөө бүхий эрхмүүдээс хөрөнгө оруулалт татсан байна. Андерэгийн үзэж байгаагаар, чип програмчлах чадвар нь Nvidia-гийн гол хамгаалалт байсан бол одоо AI өөрөө код бичдэг болсноор энэ нь “хүчтэй давуу тал биш” болох цаг иржээ.
Үүнээс гадна, AI нь ирээдүйд чип дизайн хийхэд ч чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. “Ricursive Intelligence” зэрэг стартапууд хиймэл оюун ухааныг ашиглан компьютерийн чип дизайны шинэ арга замыг хөгжүүлж байгаа нь олон компаниуд өөрсдийн програм хангамжид яг таарсан, илүү хэмнэлттэй “custom silicon” зохион бүтээх үүдийг нээж байна.

