Лас Вегаст болсон “CinemaCon” арга хэмжээний үеэр “As Deep as the Grave” киноны онцгой үзүүлбэрийг танилцууллаа. Энэхүү бүтээл нь таалал төгссөн нэрт жүжигчин Вал Килмерийн дүр төрхийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан гол дүрд нь эргүүлэн авчирсан анхны томоохон кино төслүүдийн нэг болж байна. Жүжигчний гэр бүлийнхэн түүний дүр төрх болон дуу хоолойг ийнхүү технологийн тусламжтайгаар ашиглах албан ёсны зөвшөөрлийг олгожээ.
Киноны зураг авалт анх 2020 онд эхэлсэн боловч цар тахал болон бусад хүчин зүйлсийн улмаас нэлээд хугацаагаар хойшлогдсон юм. Вал Килмер 65 настайдаа хорт хавдрын улмаас таалал төгссөн бөгөөд түүний AI-гаар бүтээсэн дүр трэйлер дээр “Үхлээс бүү ай, надаас бүү ай” хэмээх ганцхан өгүүлбэрийг хэлдэг.
Уг кинонд Америкийн уугуул иргэдийн түүхэнд чухал нээлтүүд хийсэн археологич Энн Астелл Моррисын амьдралыг өгүүлдэг. Килмер энэ бүтээлд уугуул иргэний шашны зүтгэлтэн, санваартан Фазер Финтаны дүрийг бүтээжээ. Дүр төрхийн хувьд залуу Вал Килмертэй маш төстэй болсон бөгөөд дуу хоолойны өнгө аяс нь ч түүний өвөрмөц хэв маягийг нарийн хуулбарлаж чадсан байна.
Киноны найруулагч Корте Вурхеесийн мэдээлснээр, AI-гаар бүтээсэн Вал Килмерийн дүр дэлгэцнээ 1 цаг 17 минут орчим гарах бөгөөд энэ нь киноны нийт хугацааны дийлэнх хэсгийг эзэлж байгаа юм. Энэхүү технологийн шийдэл нь кино урлагийн салбарт нас барсан жүжигчдийн дүрийг хэрхэн амилуулах тухай ёс зүйн болон техникийн шинэ хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

